news-details
Business

Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаагаа сурталчиллаа

Монгол Улсад Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг.  Эл өдрийг угтаж, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас олон хэлбэрийн ажил зохион байгуулж байна. Үүний хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Орхон аймгийн 100 гаруй байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сурталчиллаа.  Тус арга хэмжээг үйлдвэрийн  Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар,  Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Орхон аймаг дахь Хэлний бодлогын салбар  хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхэнд Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтөөр тэргүүлдэг,энэ чиглэлийн  үйл ажиллагаанд өндөр  ач холбогдол өгч ажилладаг байгууллага.  Тийм учраас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтнууд тус үйлдвэрийн туршлагаас суралцаж, харилцан солилцох зүйл их бий. Архив, албан хэрэг хөтлөлт бол маш хариуцлагатай, няхуур нямбай үйл ажиллагааг шаардсан, тэр болгон хүн ойлгодоггүй онцлогтой, түүхийг бүтээж, авч үлддэг ажил юм. Ийм онцгой ажил мэргэжилтэй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд уулзаж, нэг өдрийг хамтдаа суралцаж, санал бодлоо хуваалцах боломж өгсөн Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн удахгүй болох мэргэжлийн баярын өдрийн мэндийг нийт ажиллтнуудад дэвшүүлье” гэсэн юм. 

Эрдэнэт үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийг сурталчлах үеэр Эрдэнэт үйлдвэрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн видео танилцуулгыг үзүүлж, Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамжийн мониторинг инженер Б.Мөнхцэцэг “ Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх журам” сэдвээр сургалт хийв. Мөн энэ үеэр архив, албан хэрэг хөтлөлтийн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, зочдод сонирхууллаа.   

 

Сэтгэгдэл