Нийтийн эзэмшлийн талбайд санаархагсад амь бөхтэй хэвээр байна Монгол Улс хүн ам, орон сууцны тооллогоо хийгээд хэдхэн сар өнгөрчээ. Нэгдсэн тооллогоор манай улс 3.3 орчим сая хүн амтай гэсэн дүн гарсан бөгөөд түүний 46 хувь нь нийслэлдээ төвлөрсөн тоон мэдээ бий. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь амьдарч, ажиллаж байна гэсэн үг. Судалгаагаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорих урсгал нэмэгдэж байгааг тогтоосон нь их хотыг зорих нүүдэл одоо ч үргэлжилж буйг илтгэж байна. Тиймээс төр, засгаас үүнд чиглэсэн тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, эхнээс нь ажил хэрэг болгоод байгаа билээ. Үүнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд ч анхаарлаа хандуулж байна. Хүн амын нягтаршлыг багасгахын тулд хотоо тэлэх бодлого баримталж, үүний дагуу дэд бүтцэд анхаарал хандуулж байгаа нь иргэдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Гэтэл үүнийг мэддэг хэрнээ нүдээ аньж, чихээ дардаг нийтийн эзэмшлийн талбайд санаархагсад амь бөхтэй хэвээр байна. Тэдний заримтай нь нийслэлийн төр захиргаа одоо хүртэл тэмцэж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Иргэд ч гар хумхин суусангүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйгээ сануулан газрын урт гартнуудтай тэмцэж эхэлжээ.
Ийм нэгэн үйл явдал саяхан Сүхбаатар дүүргийн IV хорооны нутагт дэвсгэрт болов. Улсын их дэлгүүрийн урд байрлах нийтийн орон сууцнуудын нийтийн эзэмшлийн алга дарамхан газрыг “Зан интернэшнл”, “Майнинг консалтинг” компани авч, амины орон сууц барихаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Төр, захиргааны холбогдох байгууллагуудаас газар дээр нь очиж шуурхай ажилласнаар иргэд нийтийн эзэмшлийн талбайгаа авч үлдэхээр болсон байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа учраас дээрх компаниудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Гэсэн хэдий ч компаниудын ухаж сэндийчсэн газар одоо хэр нь хэвээр байгаа тухай иргэд ярьж байна. Үүнээс шалтгаалан ахмад буурлууд явахад хүндрэлтэй болж, багачууд цэцэрлэг, сургуульдаа явахдаа бартаат зам туулж байгааг эцэг, эхчүүд учирлаж байсан юм.
Улаанбаатар хотод иргэдийн чөлөө цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, байгууламжууд хуруу дарам цөөн байсан цаг саяхан. Үүнийг нийслэлээс анхаарч ажиллаж эхэлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн газарт санаархагчидтай хатуу тэмцэж эхэлсэн юм. Монгол Улсын нэгэн үеийн түүхийг өгүүлэх Улсын драмын эрдмийн театрын зүүн урд байрлах талбайг хувьдаа ашиглахаар авсан байсныг мөн л газар эзэмших гэрчилгээг нь цуцалсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Улсын драмын эрдмийн театрын маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит хөшөө байрлах 4000 ам метр газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлэх эрхийг гэрчилгээ олгосон байжээ.
Манай улсад барилга барихад тавигдах стандарт гэж бий. Энэхүү стандартыг дагаж мөрдөж байна уу гэдэг асуудлыг сүүлийн хэдэн жил хөндсөөр сүүлдээ мөнхийн сэдэв болсон. Сүүлийн хэдэн жил нийслэлд шинээр барьж байгаа барилга байгууламжийн ихэнх нь энэ асуултад бүдэрнэ. Нэг нэгнийхээ нар тусах, үзэгдэх орчныг нь хязгаарласан барилга нийслэлд цөөнгүй болжээ. Үүнд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай , Ерөнхий менежер Т.Гантөмөр ихээхэн анхаарал хандуулсны дүнд өнөөх нийтийн эзэмшлийн газарт санаархагсдаас цөөнгүйг нь буцааж авч, зарим газрын зөвшөөрлийг цуцалсан байна. Тэдгээрийн нэгийг дурдвал, нийслэл төв хэсэг Хөрөнгийн биржийн урд талд байрлах хэсэгхэн газрын эзэмшихээр санаархсаныг таслан зогсоожээ. Нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын гэрчилгээг “Улаанбаатар капитал” ББСБ шилжүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчсөн байж. Тиймээс тус газрыг зориулалтаар ашиглах үүргийг хотын захирагч гаргасан юм. Энэчлэн хотын A зэрэглэлийн бүсэд хууль зөрчин газар өмчилсөн асуудлыг цаашид цэгцлэн шийдвэрлэхийг холбогдох албаныхан хэлж байгаа. Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүрэг, хороодод нэмж барилга байгууламж барих зай талбай үлдээгүй талаар мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв барилга барихаар бол нийтийн эзэмшлийн алга дарамхан газар л үлдээд байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Хотын түгжрэл туйлдаа хүрч, иргэдэд хүндрэл учрах болсон энэ цагт байгууллага, аж ахуйн нэгжүүд хувийн эрх ашиг бус хүнээ, ирээдүйгээ бодож төлөвлөн шинэ газар, шинэ бүтээн байгуулалтыг хийвэл улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг болох юм.
Сэтгэгдэл