news-details
Business

МОНГОЛ, АЗЕРБАЙЖАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азербайжан Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, айлын талаас Азербайжаны Гадаад хэргийн дэд сайд Р.Хасанов нар ахлав. Уулзалтаар дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахлыг даван туулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээ, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын талаар танилцууллаа.

Талууд зөвлөлдөх уулзалтын үеэр  Монгол, Азербайжаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээн идэвхжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Монгол, Азербайжаны Засгийн газар хооронд байгуулахаар төлөвлөж буй Агаарын харилцааны хэлэлцээр, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр тал ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлцээний механизмыг байгуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.

Сэтгэгдэл