news-details
Business

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана

Улаанбаатар хотод баригдаж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл гарцын талаар УИХ-ын зарим гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцож, ярилцлаа.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Боловсролын салбарт 2019 онд нийт 149, 2020 онд нийт 152 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг 56 сургуулийг хоёр ээлжид оруулж чадсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Харин өнгөрсөн онд буюу “COVID-19” цар тахлын нөхцөл байдлын үед нийслэлд санхүүжилт огт аваагүй 35 төсөл, арга хэмжээ байгаагийн шалтгаан нь гүйцэтгэл оройтуулсан, магадлал хийгдээгүй, газар чөлөөлөөгүй зэрэг асуудал байсан. Сургууль, цэцэрлэгийг шинээр барихад газар, дэд бүтцийн асуудал хамгийн ихээр тулгардаг. Иймд газар, дэд бүтэц, төрийн хяналтыг шат шатанд сайжруулахад УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагын түвшинд нэг ойлголттойгоор хамтарч ажиллах шаардлага бий. Мөн сургууль, цэцэрлэг барихаас гадна техник, тоног төхөөрөмжийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлага байгаа” хэмээлээ.  

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Боловсролын салбарын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд газрын асуудал хамгийн ихээр тулгардаг учир НОСК-ийн орон сууцжуулах хөтөлбөрөөр дамжуулан шийдвэрлэх талаар ярилцах хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг нар газрын асуудлыг нийслэл, яамны түвшинд ярилцаж, ойлголцон шийдвэр гаргах шаардлагатай хэмээн дэмжиж байлаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн нар сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахдаа тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэдэг байх нь чухал гэдгийг тодотгон хэлсэн юм. УИХ-ын гишүүн П.Анужин “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай техник технологийн асуудлыг шийдвэрлэх, мөн хүүхдийг ундны цэвэр усаар хангах зэрэг асуудалд анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн онцлон хэллээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах санал гарсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд төлөвлөгөө гарган тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулан байгууллаа. УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг тогтмол уулзаж, салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.  

Сэтгэгдэл