Арван долдугаар зууны дунд үед амьдарч байсан монголын эрдэмтэн гүүш Лувсанданзан “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой” шастирыг туурвин зохиож Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамран өгүүлжээ. 1651 онд зохиогдсон энэ ном дэлхий дахины монголч эрдэмтдийн дунд “Лу.Алтан товч” хэмээн алдаршсан байна. "Лу.Алтан товч"-ид "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “МНТ”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “МНТ”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэт бүтээл юм.
“Алтан товч”-ийн жинхэнэ эх зохиол болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Жамъян гүн (1864-1930) Дорнод аймгийн Баянтүмэн хошууны еншиеэбүү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар “Лу.Алтан товч” нь монголын түүх-уран зохиолын ховор чухаг судалгааны үнэт дурсгал болон мөнхөрчээ.
Лу.“Алтан Товч” нь 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэн тунхаглагдсан болно.
Эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв
Сэтгэгдэл