“ЗАМЫН-ҮҮД”-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗОРИУЛЖ 30 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛҮҮЛЖЭЭ
Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулан 30 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк шийдвэрлэжээ. Тус боомт нь олон улсын хилийн боомтын зэргэлдээ оршдог тул тухайн орон нутгийн эдийн засаг төдийгүй иргэдийн амьжиргаа нь хил дамнасан худалдаа наймаа, түүний эргэлтээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болно хэмээн АХБ-ны Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Доротеа Лазаро ярилаа. Мөн тэрээр “Тухайн чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулж, улс хоорондын харилцаа холбоог сайжруулснаар манай банкны зүгээс Монгол Улсын худалдааны өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна” гэв.
Хил дээрх ачаа тээврийн удаашрал, дэд бүтцийн хангалтгүй байдал, зохицуулалтын орчин сул зэрэг нь экспортын салбарын хөгжлийг хойш татаж буй. Өөрөөр хэлбэл, энэ салбар Монгол Улсын дотооодын нийт бүтээгдэхүүний 62 хувийг бүрдүүлдэг. Улмаар худалдааны өртөг өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа тул бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх үндэс болдог юм. Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээс үүдсэн цар тахал нь эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь олон улсын худалдааг өргөтгөх шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
Дээрх санхүүжилт нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу CAREC-ийн 4b коридорт хамаарах Монгол Улсад АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй худалдааг дэмжих өргөн хүрээний төсөл хөтөлбөрүүдийн нэг хэсэг аж. CAREC-ийн коридорууд нь Төв Азийн эдийн засгийн зангилаа төвүүдийг холбохын зэрэгцээ Монгол Улс шиг далайд гарцгүй гишүүн орнуудад Ази, Европын зах зээл төдийгүй дэлхийн зэх зээл рүү гарах гарц нь болдог. Худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцээр холбогдох, бүсийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг арга замаар газар зүйн энэхүү онцлогоос үүдэх сөрөг нөлөөг давах боломжтой гэдгийг Засгийн газар хэдийнээ олж харсан тул Зүүн хойд Ази, Европыг холбох хуурай газрыг дамжин өнгөрөх тээвэр, худалдаанд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх тал дээр анхаарч буйгаа мэргэжилтнүүд онцолж байна.
Төслийн хүрээнд чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барьж байгуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментэд чиглэсэн ажлууд хэрэгжинэ. Эдгээрийн үр дүнд хувийн хэвшлүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх суурь, таатай орчин нөхцөл бүрдээд зогсохгүй худалдааг идэвхжүүлэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд зохицох боломж Монгол Улсын хувьд бүрдэх юм. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд нэвтрүүлэх боомтын программ хангамж нь хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийн системийг нэгтгэх, улс дотроо болон хил дамнан БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох нэмэлт боломжийг олгох юм.
Ийнхүү эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагаа болон систем хоорондын харилцан үйлчлэл сайжирснаар хилийн хяналт болон эрсдэлийг удирдах чадамж өсөх бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа эргэлт илүү аюулгүй, түргэн шуурхай болох ач холбогдолтой.
2025 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж дуусах энэ төслийн нийт өртөг 35.76 сая ам.доллар бөгөөд үүнээс 5.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.
Сэтгэгдэл