Монголчууд эрт дээр цагаас ураг холбох ёсыг машид эрхэмлэж, урагаа сонгох, удмаа таниулах, ургийн баяр хийх, угийн бичиг хөтлөх гэхчилэн нийгмийн амьдралын нэгэн уламжлалт соёл, ёс заншлыг бий болгосон байна.
Монголчууд угийн бичгийг “Гэрийн үеийн бичмэл”, “Гэрийн түүх”, “Уг эх”, “Гэрийн зураг”, “Угийн дараа”, “Язгуурын үүсгэх бичиг”, “Үе залгамжилсан бичиг”, “Төрлийн угийн бичмэл”, “Угийн цэс”, “Угийн зураг”, “Угийн түүх бичиг”, “Угийн хэлхээ”, “Үе үеийн явдлын илтгэл” гэх мэтээр олон янзаар нэрлэж ирсэн байна. Энэ олон нэр, уламжлалт бичлэг дотроос “УГИЙН БИЧИГ” гэж нэрлэж ирсэн нь нэлээд хэвшмэл байна.
УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХДӨӨ
а. Үе залгамжлалыг зургаар дүрслэн үзүүлэх
б. Түүхчлэн бичих хоёр аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хослон хэрэглэдэг байсан байна.
Эхнийхийг нь угийн зураг, дараагийнхыг нь угийн шашдир гэж
хүндэтгэлтэйеэ нэрлэдэг байжээ.
УГИЙН БИЧИГ ГЭЖ ЮУ ?
Угийн бичиг гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид угийн бичиг гэж ойлгож болно.Удмын түүх гэж хоёр талын хүмүүсийн цадиг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт өв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын овог удмыг нэртэй залгамжилсан хүмүүсийн ажил, амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг.
Угийн бичиг, удмын түүхийг бичих нь овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм.
Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.
Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан угийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөж байна
Жишээ болгож сонирхуулахад 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленинийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Улиановын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байна. Энэ нь ямар учиртай вэ? гэж тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнээс асуухад түүний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантайхолбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм.
Эх сурвалж: Цахим хуудас эрхлэгч Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр (Гэр бүл сонирхон судлаач)Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгс
Сэтгэгдэл