УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бэлэг тараах үеэр 83 настай иргэн олны хөлд дарагдан амьсгал хураажээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бэлэг тараах үеэр 83 настай иргэн олны хөлд дарагдан амьсгал хураажээ

7 сарын өмнө

-БЭЛЭГ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭНДЭЭ У.ХҮРЭЛСҮХИЙГ УРЬСАН БАЙВ-

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдэд гарын бэлэг буюу ул боов, өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг, чихэр, жимс зэргийг тарааж сонгогчдоо "эргэдэг" уламжлал тогтсоор хэдэн жилийн нүүр үзжээ.

Энэ сарын 26-ны өдөр буюу Сар шинийн баярын өмнөхөн Монгол хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн хэрэг гарав. Монголчууд бид Цагаан сарын баярын өдрүүдэд настанаа тохойг нь түшин золгож мэндчилж, хүндлэх уламжлалтай ард түмэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн настан буурлуудыг Улаанбаатар паласын танхимд цуглуулж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан өвгөд хөгшдийг олон цаг суулгасан байна. Эцэст нь цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тараасан бөгөөд энэ үеэр 83 настай иргэн олны хөлд гишгэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

image

Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга, УИХ-ын гишүүн Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатар ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараах уг арга хэмжээндээ ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урьсан байв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дүүргийнхээ 3200 гаруй ахмадуудад урилга тараахад 4000 гаруй ахмад арга хэмжээнд хүрэлцэн ирсан байжээ. Урилга авсан хүмүүс дундаас 300 мянгаас сая төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтан тодруулсан бөгөөд Ерөнхий сайд азын сугалааны азтануудыг тодруулж, шагналыг нь гардуулж өгсөн аж.

Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тараасан хүмүүсээ гаргах үеэр 83 настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдан унасан аж. Улмаар дуудлага мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэв. Талийгаач өөрийн 53 настай хүүгийн хамт тус арга хэмжээд очсон байж.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг нь сүр дуулиантайгаар арга хэмжээгээ зохиож, мэдээллүүдээ цацаж байсан ч одоо харин эхнээс нь устгуулж эхэлсэн гэх. Нэгэн буурайн амь насыг авч, ажлын суртчилгаагаа хийгээд амжсан эрхмүүд өдгөө аль нэг хэвлэлээр эмгэнэл илэрхийлж, байр сууриа хэлээгүй хэвээр байна.

medee.mn