Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лиценз ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ

Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лиценз ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ

9 сарын өмнө

-ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦОО ТЭСЭЛГЭЭ ХИЙЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЭХЭД ХЯТАД
КОМПАНИ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД ДАВУУ ЭРХТЭЙ БАЙНА-

Дорноговь аймгийн нутагт орших энергийн төв-Хамрын хийдийн орчимд ашигт малтмалын лицензийг 40 жилийн хугацаатай олгожээ. Лицензийн хугацаа 2047 оны 11 дүгээр сард дуусах аж. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК хийдээс долоон км орчмын зайд нэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ажилчдын байраа зөөж авчирсан байна. Тус компани Өргөн-Сайншанд-Эрдэнэ гэсэн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан 16301.21 га газарт нүүрс олборлох юм.

Кемп байгуулсан газарт 10-аад л айл тойрч нутагладаг. Мөн үлэг гүрвэлийн чулуужсан яс, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдворууд, 8400 га заган ойтой, хар сүүлт, хулан, боролзон туулай, хар үнэг, саарал чоно, шилүүс, суусар зэрэг амьтан элбэг нутагладаг аж.

Бид энэ талаар Дорноговь аймгийн Хамрын хийдийн ловон лам С.Борхүүтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа.

-МОНГОЛ ХҮНИЙ БАХАРХАЛ, ОМОГШИЛ, ҮНДЭСНИЙ БАЯЛАГ,
ГАЙХАМШИГТ ТҮҮХ СОЁЛОО ХАМГААЛНА-

-Хамрын хийдийн ойролцоо нүүрс олборлох лицензийг 40 жилийн хугацаатай  өгсөн гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Хамрын хийдийн ойролцоо нүүрс олборлох лиценз өгсөн гэдгийг саяхнаас мэдсэн. Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын “Даблью Эс Жи Эл” ХХК нүүж ирээд нутгийн зон олон бужигнаад эхлэхээр нь “Юу болов” гээд яваад очтол “Хятад улсын компани олборлолтын үйл ажиллагаа явуулна” гэж хэлсэн. Тухайн компани “Аймаг орон нутаг болон зохих газраас нь зөвшөөрөл авсан. Одоо үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Та бүхэн эсэргүүцдэг газраа эсэргүүцэж хэлдэг газраа хэлээд яваарай” гэж нутгийн малчдад хэлсэн байна лээ. Бид одоогоор мэдээллээ цуглуулаад л байж байна.

-Хамрын хийдээс хэдэн км-ын зайд уурхайн кемп байрлаж байгаа вэ?

-Зунжингаа, намаржингаа өрөмдлөг хийж нөөцөө тогтоосон юм шиг байна лээ. Хамрын хийдээс зүүн талаараа тойрч явбал 12-13 км, шулуун замаар явбал долоон км. Хамрын хийдээс дөрвөн км-ийн зайд нүүрсний нөөц тогтоогдсон гэсэн. Хэрэв ухаад эхэлбэл улам л дотогшоо хумигдах болов уу гэж бодож байна. Ирэх хавраас хийдийн зүүн тал руу хайгуулын компани ирж “Хайгуул хийнэ” гэсэн албан бус мэдээллийг нутгийн малчид, иргэд ярьж байна.

-Хэд хоногийн өмнөөс нутгийн малчид хятад компанийн кемп дээр цуглаж эсэргүүцлээ илэрхийлж буй бололтой байсан?

-Нутгийн иргэд, малчид гэлтгүй сүсэгтэн олон, Дорноговь аймагт ажиллаж амьдардаг иргэд ч гэсэн ирцгээж байна. Монголчуудад шүтэж биширдэг олон газар бий. Үүний нэг нь Хамрын хийд мөнөөсөө мөн. Ийм газар нь нүүрс олборлож хөрсийг нь сэндийчиж эхлэхээр ямар олиг байхав дээ. Нүүрс ухах гэж буй газарт монгол орны ховор ан амьтан идээшиж, өвс ургамал ургадаг. Газрынх нь хөрсөнд монголын түүх соёлыг шингээсэн дурсгалт олдворууд, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан амьтадын чулуужсан яс байна. Энэ газар маш их түүхийг агуулдаг. Хэрэв нүүрс ухаад эхэлбэл Хамрын хийдийг үзэхээр ирж буй сүсэгтэн олон, гадны жуулчид тоос, шороон дундаас юу үзэх үү. Наашаагаа хүн ирэхийн аргагүй болно л гэсэн үг. Хамрын хийдийн ойролцоо БНХАУ-ын компани нүүрс олборлох гэж байгаа нь ганцхан Дорноговь аймгийн асуудал биш, Монголын ард түмний өв соёлын асуудал яригдана. Тиймээс Монголын ард түмэн бүгд нэгдэж түүхийн дурсгалт газраа хадгалж, хамгаалж үлдэх хэрэгтэй байна.

-Аймгийн ЗДТГ-ын зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ. Газар дээр нь ирж танилцсан уу?

-Аймгийн удирдлагуудын зүгээс “Нэг өглөө боссон чинь л сошиалаар Хамрын хийдийн ойролцоо нүүрс олборлох лицензийг 40 жилийн хугацаатай өгсөн байна” гээд шуугиад эхлэхээр нь мэдлээ. Сошиал чинь хөгжчихсөн юм байна ш дээ. Бид шалгалт явуулсан чинь бичиг баримтгүй 2-3 Хятад улсын иргэн байсан. Эдгээр хүмүүсийг баривчлаад шалгаж байна. Бид газар нутгаа ухуулахгүй хамгаална” гэсэн тайлбарыг өгсөн. Бүхэл бүтэн аймгийн удирдлага Хятадын том компани 2018 оны зунжин, намаржин тусгай хамгаалалтай газар нутагт нь хайгуул, өрөмдлөг хийж байхад яагаад мэдээгүй юм бэ. Тусгай хамгаалалтай газрын захиргаа гэж байдаг. Энэ газар нутгаа орноо харж хамгаалдаг юм уу. Аймгийн удирдлагууд “Бид мэдээгүй, өнөө өглөө л /2019.01.14 /мэдлээ” гээд сууж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Эсвэл ажил дээрээ ирдэггүй, ажлаа хийдэггүй хүмүүс юм уу. Хятадын компани гэнэт орж ирээд сэмхэн ажлаа хийчихдэг бүрэн эрхтэй хүмүүс үү. “Даблью Эс Жи Эл” ХХК-д ажиллах гээд 40 гаруй хятад иргэн ирсэн байна. Эдгээр хүмүүс хилээр орж ирсэн л байгаа. Гэтэл орон нутгийн шүүх хяналт, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага одоо болтол мэдээгүй. Ард түмэн эсэргүүцээд босоод ирэхээр гэнэт нойрноосоо сэрсэн хүмүүс шиг “Ард түмэн газар нутгаа хамгаалаад сайн байна. Та бүхнийхээ талд байна. Бид юу ч мэдээгүй өмнөх засгийн үед л ийм зүйл болсон” гээд ярьж байна. Аймгийн удирдлагууд ингэж ярьж болохгүй биз дээ

-Яг одоо нөхцөл байдал ямар байна. Ард түмэн эсэргүүцээд, цуглаад эхлэхээр “Даблью Эс Жи Эл” ХХК-иас хариу тайлбар өгч байна уу?

-Яг өнөөдрийн байдлаар хэд хоногийн өмнө баривчилсан гэх хүмүүс кемп дээрээ явж л байна. Дөнгөж сая би нүүрс олборлох гэж буй талбай руу яваад ирлээ. Ажилчдын кемп гэсэн чингэлгүүдээ маш яаралтай нүүлгэж байхаар нь “Ямар шийдвэр гараад кемпээ нүүлгэж байгаа юм. Энэ цаг үед та бүхний асуудалтай холбоотой ямар процесс явагдаж байна” гэтэл “Та бүхэн өөрсдөө зөвшөөрөөгүй биз дээ. Бид үйл ажиллагаагаа зогсоож байна. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл “Даблью Эс Жи Эл” ХХК руу холбогдож аваарай” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Хятад компани авчирсан юмнуудаа хааш нь зөөж байгааг нь судалтал одоо байгаа газраасаа 4-5 км-ийн цаана аваачиж буулгаж байна. Тэдний энэ үйлдлийг ард түмний хэл амыг дарж цаг хожих гэсэн явдал гэж бидний зүгээс харж байгаа. Хэрэв нүүж байгаа бол хэдхэн км-ийн цаанаа зөөж аваачих биш хаанаас авчирсан тэр газар руугаа авч явах ёстой биз дээ. Орон нутгийн удирдлагууд “Лицензийг цуцлуулна, болиулна” хэмээн ярьж байгаа боловч хэзээ цуцлуулах нь тодорхойгүй байна. Хууль эрхзүйн хувьд “Даблью Эс Жи Эл” ХХК тэсэлгээ хийж ажлаа эхлүүлэхэд 100 хувь бүрэн эрхтэй байна.

-Хамрын хийд Монгол Улсын томоохон аялал жуулчлалын бүс нутаг. Танай хийд жилдээ гадаад, дотоодын хичнээн жуулчин хүлээн авдаг вэ?

-Албан бус тоогоор жилдээ 300-400 мянган хүн ирдэг гэсэн мэдээлэл байдаг. Аймгийн захиргаанаас тусгай хамгаалалттай бүс нутаг гээд Хамрын хийдэд мөргөхөөр ирсэн иргэн бүрээс 2000 төгрөгийн хураамж авдаг. Тусгай хамгаалалтай газар гэж ард түмнээс мөнгө авчихаад лиценз олгосон байна. Одоо тусгай хамгаалалтай газар мөн ч юм шиг, биш ч юм шиг нөхцөл байдал үүсчихээд байна. Тусгай хамгаалалтай газар лиценз өгсөн эрх мэдэлтнийг ард түмэн мэдэхийг хүсч байна. Лицензийн зөвшөөрөл гэнэт тэнгэрээс бууж ирээгүй, газраас ургачихаагүй. 2007 онд лицензийг өгөөд 2009 онд хүчингүй болгосон юм билээ. Харин 2017 оны долдугаар сарын 30-ны өдөр хүчингүй байсан лицензийг захиргааны хэргийн шүүхээр сэргээсэн байна лээ. Хэн энэ лицензийг сэргээв, хэн нөлөөлөв. Үүнийг цаана нөлөө бүхий хэн нэгэн хүн байгаа. Тэр хүн хэн бэ гэдгийг монголын ард түмэн мэдэхийг хүсч, асууж байна. Энэ хүнийг олж монгол хүний оюуны дархлаа болсон, Монгол Улсын тусгаар тогтнолын үнэт зүйл газар нутгийг хөндөхгүй, дахин аюулд оруулахгүй байх талаас нь анхаарч, хариуцлага тооцох ёстой гэж ганц миний бие биш монголын ард түмэн нийтээрээ хүсч байна шүү дээ.

-Хамрын хийдийн лам хуврагууд нүүрс олборлох гэж буй компанитай тууштай тэмцэх үү?

-Бидний зүгээс тууштай тэмцэнэ. Энэ үйл явдал хонхорт байгаа хэдхэн лам нарын асуудал биш, монголын нийт ард түмний асуудал. Монголчууд Хамрын хийдэд ирж сэтгэлээ ариусгаж, ажил үйлсээ даатган хийморио сэргээдэг. Мөн уламжлалт соёлоороо бахархдаг үнэт газруудын нэг юм шүү дээ. Монгол хүний бахархал, омогшил, үндэсний баялаг, гайхамшигт түүх соёлоо хадгалж хамгаалах нь монголчууд бидний үүрэг. Тиймээс Хамрын хийдийн лам нар эцсийг нь  хүртэл явж тэмцэх болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Төрийн эрх барьж буй хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авч нухацтай сайн ажиллаасай гэж хүсэмжилж байна. Сэтгүүлчид та бүхэн болж буй үйл явдлыг үнэн зөвөөр нь ард түмэнд мэдээлээсэй гэж хүсч байна.

-НҮҮРС ОЛБОРЛОХ ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА-

Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзоригоос лицензийг цуцлах талаар ямар ажил хийж буй талаар тодрууллаа.

-БНХАУ-ын компани Хамрын хийдийн ойролцоо 40 жилийн хугацаатай нүүрсний олборлолт гэж байгаа нь тодорхой болсон. Аймгийн удирдлагуудын зүгээс яг одоо ямар ажил хийж байна?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Хамрын хийдийн ойролцоо хятадын компани кемпээ байгуулсан юм байна лээ. Аймгийн мэргэжлийн хяналтаас шалгалт явуулж тусгай хамгаалалтай газартай давхцалтай байна гэдгийг тогтоосон. Өргөн сумын газар нутгийг хамарч буй учраас өнөөдөр /2019.01.16/ компанийн хүмүүсийг тус сумын удирдлагуудтай уулзуулсан.

-Сая хамрын хийдийн хүмүүстэй утсаар холбогдоход “Даблью Эс Жи Эл” ХХК чингэлгүүдээ өөр газар руу нүүж байна гэсэн мэдээлэл өгсөн?

-Тусгай хамгаалалтай газраас гарч байгаа байгаа болов уу.

-Хятад компани зунжин, намаржин тусгай хамгаалалтай газар хайгуул хийж байхад нь аймгийн удирдлагууд мэдээгүй байсан. Яагаад одоо мэдэж байгаа юм бэ?

-2007 онд хайгуулынхаа лицензийг авчихсан байж байгаад 2017 онд ашигт малтмалын лицензээ авсан юм билээ. Энэ хугацаанд чимээгүй байсан. Одоо үйл ажиллагаа эхэлсэн гэх мэдээллийг мэргэжлийн хяналт, байгал орчин, цагдаагийн хүмүүс өгсөн байна. Аймгийн тусгай хамгаалалтай газар таван жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дуусахаар сунгаад явдаг. Хамгийн сүүлд Хамрын хийдийг 2014 онд Дорноговь аймгийн тусгай хамгаалалтай газар нутагт бүртгэж авсан байдаг юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр лицензийг сэргээсэн байна лээ. Шүүхийн шийдвэрийг үндэслээд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн н.Мөнхтамир гэх хүний шийдвэрээр ахин сэргээсэн байна лээ.

-“Даблью Эс Жи Эл” ХХК-ийн лицензийг цуцлах давуу эрх, үндэслэл та бүхэнд байна уу?

-Тухайн компани лицензийнхээ эрхийг 2017 онд сэргээсэн байгаа. Аймаг уг лицензийг хүчингүй байх үед буюу 2014 онд Хамрын хийдийг тусгай хамгаалалтад авчихсан байсан учраас лицензийг цуцлах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ шүүх, хуулийн процесс яаж явагдахыг мэдэхгүй байна.

М.АМАРЖАРГАЛ

medee.mn