СУРВАЛЖЛАГА: Гахайн ханиадны дэгдэлт Монголд 10 жил үргэлжлэхдээ энэ жил өндөр халууруулж, уушгины хатгалгаанд хүргэж байна

СУРВАЛЖЛАГА: Гахайн ханиадны дэгдэлт Монголд 10 жил үргэлжлэхдээ энэ жил өндөр халууруулж, уушгины хатгалгаанд хүргэж байна

3 сарын өмнө

-H1N1 ВИРУС НЬ ХҮНДРЭЛ ИХТЭЙ, ХҮҮХДЭД ТУССАН ТОХИОЛДОЛД
“УУШГИНЫ ХАТГАЛГАА” БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогдсон тухай тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн байдаг. Мөн улирлын томуу үүсгэгч А хүрээний Н1N1, H3N2 вирус буюу “гахайн ханиад” дэгдсэн тухай мэдээлсэн. “Гахайн ханиад” нэрээр монголчуудтай танилцсан халдварт өвчин анх 2009 онд манай улсад гарч, хурдацтай тархсанаар хэд хэдэн хүн нас барж байсан. Хүнээс хүнд амьсгалын замаар болон ахуйн байдлаар халддаг.

Ялангуяа он гарсаар сүүлийн 10 хоногт тус улирлын томуу үүсгэгч А хүрээний Н1N1 вирус хурдацтайгаар дэгджээ. Мөн уушгины хатгалгаагаар өвчлөх нь нэмэгдэж, хатгаанаас болж нас барах тохиолдол ихэсч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй юм. Энэ нь Н1N1 вирустэй шууд холбоотой. Учир нь тус вирус нь хүндрэл ихтэй, бага насны хүүхдэд туссан тохиолдолд “уушгины хатгалгаа” болох эрсдэлтэй юм байна. Мөн хүүхдүүд маш өндөр халуурч, хордлогын шинжтэй орж ирээд хатгаагаар өвчилж хүндрээд байгаа аж. Энэ сарын 02-07-ний өдрийн байдлаар гэхэд л уг вирусээр өвчилж, эмнэлэгт хэвтэгсдийн тоо эрс нэмэгдэж, эмч нар болоод эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрээд байгаа аж.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд буюу нийт өвчлөгсөдийн хамгийн их хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Зөвхөн нийслэлийн эмнэлгүүдэд хоёр мянга гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэл байна. Ийнхүү эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, нялх үрсээ тэвэрсэн эхчүүд эмнэлгийн коридорт хоноглож байгаа нь өнөөгийн нийгмийн хамгийн сэтгэл өвдөж, нүд хальтрам дүр зураг болчхоод буй.

Мэдээж өвчлөлд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол агаарын бохирдлын асуудал. Гурван жилийн хугацааны судалгаагаар агаарын бохирдол ханиад томуутай 60 гаруй хувийн хамааралтай болохыг тогтоосон гэх. Мөн тэр судалгаагаар гэр хорооллын хүүхдийн өвчлөл, байранд амьдарч буй хүүхдийнхээс гурав дахин их байсан. Түүгээр ч барахгүй гэр хорооллын хүүхдүүдийн уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс зургаа дахин их байгаа гэх судалгаа гарчээ.

emneleg

-КОРИДОРТ ХЭВТЭЭД Ч ХАМААГҮЙ ХҮҮХДЭЭ ЭДГЭЭНЭ-

Бодит байдал дээр балчир үрс хэрхэн өвдөж шаналж, эмнэлгүүдийн ачаалал ямар түвшинд хүрсэн, эмч нар ямархуу ачаалал үүрч байгаа талаар сурвалжлахыг зорилоо. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд өчигдөр оройн 19:00 цагийн үед очиход тэнд хүүхэд том хүн нийлсэн 100 гаруй хүн бужигнаж байлаа. Толгой гудайлган өвчиндөө шаналж баргар царайлсан 60 эргэм насны хүнээс эхлээд өлгийтэй нялх балчир хүртэл  байв.

Тэнд хүүхдээ тэвэрсэн эцэг эх, эцэг эхдээ хөтлүүлсэн, тэврүүлсэн хүүхдүүд хамгийн олон байгаа нь бага насны хүүхдийн өвчлөл ямар их байгааг илтгэнэ. Бага насны хүүхдүүд ханиалгасан, өндөр халуурсан, таталт өгсөн, цэрээ гадагшлуулж чадахгүй бөглөрсөн, уушгины хатгалгаа туссан гэсэн шалтгаануудтай байгаа нь сонсогдов. Заримых нь цээж нь хэржигнэн дуугарч, цэртэй ханиалгаж амьсгал нь бөглөрөх шахам уйлагнах нь цаанаа л зовиуртай.

Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэгийн өрөөний үүдэнд урт дараалал үүсгэнэ. Энэ дүр төрх улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаагүй адилхан. Хүүхдээ үзүүлээд гарч ирсэн эцэг эхчүүдийн амнаас “халуун нь гайгүй буучихсан гэж байна, өнөөдөртөө ийм эм өгөөд ажигла гэж байна, миний охин одоо өвдөхгүй шүү агаа аниа хоёртоо очъё, эмч тариад дуусчихлаа ахиж чамайг тарихгүй гэж байна, энэ хоёр эмийг өгөөд л хий ханиалгыг нь дар гэж байна өөр зүйл хэлсэнгүй” гэх мэт яриа хөвөрсөөр гарцгааж одно. Мөн нэг ээж ийш тийш утсаар ярьж ачаалал багатай, хямд төсөр үнэтэй өөр эмнэлэг сураглаж, эндэхийн эмнэлгийн ачаалал их байгааг хэлж байв.

Мөн нэг эмэгтэй “Ажлаа тараад ирэхэд хүү маань өндөр халуурч байсан. Аравдугаар ангийн ах нь харж байсан болохоор халуурсныг мэдээгүй байсан байна. Хэд хоногийн өмнө нус гоожоод байсан юм. Ханиасан зүйлгүй мөртлөө халуураад байхаар нь таталт өгчих вий гэж айгаад ухаан жолоогүй шууд л ийшээ аваад ирлээ. Эмнэлгийн ачаалал, хүүхдийн өвчлөл арай л хэтэрхий их байгаа юм байна” хэмээн ярина. Ой хүрээгүй охиноо тэвэрсэн залуухан эцэг эх хоёр “охин маань хатгаа болсон байна. Ойр ойрхон ханиалгаад амьсгал нь зовиуртай байгаа. Эмч нар хэвтэх шаардлагатай гэсэн болохоор коридорт ч хамаагүй хэвтээд хүүхдэдээ тариа хийлгэнэ” гэцгээж байлаа.

Эмчид үзүүлж, чагнуулаад гараад ирсэн зарим хүүхдүүд сувилагчид тариулж, байдаг чадлаараа хашгичин уйлалдана.

Яахаа мэдэхгүй сандрах эцэг эхчүүд сувилагчийг загнаж, бухимдлаа илэрхийлэх дүр зураг нэг цаг ажигласан бидний сурвалжлагын турш нэлээдгүй хэдэн удаа тохиолдсон юм.

emneleg

-АЖЛАА ТАРААД ХҮҮХДЭЭ АВААД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ ХҮЛЭЭН АВАХЫГ
ЗОРИХ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АЧААЛЛЫГ ДӨРВӨН ЭМЧ, ГУРВАН СУВИЛАГЧ
ХААНАА Ч ДИЙЛЭХГҮЙ БАЙНА-

Жижүүр эмч, сувилагчид ачаалал, шуугиан ихтэй орчинд нэг хором ч зүгээр суух завдалгүй аж. Томуу, томуу төст өвчлөл шинэ жилийн баярын дараа эрс нэмэгдсэнийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байсан бол жижүүр эмч сувилагч нар ч батлан хэлж байлаа. Энэ нь бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явсан, өөрсдөө халдвар авч хүүхдэдээ тараасан, дааруулсан, агаарт гаргаж байна гээд хөлөргөсөн, дархлаа нь сул байгаатай шууд холбоотой аж.

Одоогийн байдлаар ганцхан дүүргийн яаралтай тусламжийн тасагт гэхэд л хамгийн багадаа л 450 хүн ирж үзүүлж, үйлчлүүлж байгаа гэв. Үүнээс 50-70 нь эмнэлэгт заавал хэвтэх шаардлагатай байдаг аж. Энэ тухай сувилагчид хэлэхдээ, “хүүхдийн өвчлөл эмнэлгийн ачаалал арай л хэтэрхий их байна. Оройн цагаар эмнэлгийг зорин ирэгсэдийн тоо 500-гаас огт буурахгүй байгаа. Ялангуяа ажил тарах цагаар буюу ажлаа тараад эцэг эхчүүд хүүхдээ аваад яаралтай тусламжийн тасгийг зорин ирж ачаалал хэд дахин нэмэгддэг. Уушгины хатгалгаа бага насны болоод том хүмүүсийн аль алинд нь элбэг тохиолдож байгаа” тухай хэлж байлаа.

Оройн цагаар дөрвөн эмч, гурван сувилагч гардаг ч тэд хаанаа ч хүрэлцдэггүй шөнөжин ачаалалттай хонодог ядарч хонодог тухайгааа ярьж байв.

emneleg

-БОДЛОГО ТОДОРХОЙЛЖ, ШИЙДВЭР ГАРГАГЧДАД НЭМЭЛТЭЭР ОР ГАРГАЖ, ЭМЧ НАРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ УРТАСГАХААС ӨӨР ИД ШИД БАЙСАНГҮЙ-

Гэвч манай бодлого тодорхойлж шийдвэр гаргагчид энэхүү дүр зургийн эсрэг нэмэлтээр ор гаргалаа, эмч нарыг уртасгасан цагаар ажиллуулаа гэхээс өөрөөр авсан дорвитой арга хэмжээ дуулдсангүй. урьдчилан сэргийлж буй ганц арга нь ид хүйтнээр сурагчдыг амраах байв.

Хамгийн сүүлд гаргасан мэдээллээр  Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 695 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 2000 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа ажээ. Өчигдрөөс дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт ажиллахаар болоод байгаа. Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг өгч байна.

Эмнэлгүүдийн коридорт хэвтээд ч багталцдаггүй дүр төрх жил болгон шүүмжлэлд өртдөгөөрөө өртсөөр хэвийн мэт хүлээж авдаг болсон дүр зураг энэ жил илт хэтэрчээ. Аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч.

Гэхдээ зарим нь иргэд өөрсдөө зохиомол ачаалал үүсгэж байна гэж буй юм. Учир нь хүүхдээ эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчийн бичигтэй ирэх ёстой байтал шууд ирж үзүүлэх гэж дайрч, хэрүүл хийдэг тухай ярьцгаасан. Ажлаа тараад хүүхдээ аваад эмнэлэг зорьдог эцэг эхчүүдэд өрхийн эмнэлгийн хаалга хаалттай байх нь ойлгомжтой. Арга буюу дүүргийн эмнэлгийн зорьдог.

-А ХҮРЭЭНИЙ ВИРУСИЙН ТАЛААР ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД:-

Хамгийн аюултай нь гахайн ханиад буюу H1N1 жил бүр шинж чанараа өөрчлөх болсон учраас эмчлэх арга зүйг ч тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байх шаардлага тулгардаг байна. Өөрөөр хэлбэл, энэхүү А вирус нь хувьсаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хувьсамтгай чанартай.

Энэ жил гэхэд л өндөр халууруулж, уушгины хатгалгаа тусах нийтлэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Уушгины хатгалгаанд хүргээд буй тус вирусын талаар эмч нарын зөвлөмж зөвлөгөгөөг хүргэе.

Илрэх шинж тэмдэг:

Вирусийн онцлогоос хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг янз бүр байдаг. Одоогийн байдлаар Н1N1 вирус зонхилж байгаа тул хүүхэд өндөр халуурах нийтлэг шинж тэмдэг хамгийн их илэрч байна. Өндөр халуурснаар таталт өгөх, цээж хонхолзох, идэж уухдаа муудах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр болон амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаарлагатай. Ингэснээр өвчин хүндрэх эрсдэл дагуулдаг. Цээж болон хавирганы доод нумаар амьсгал дотогш татагдахыг цээж хонхолзох шинж гэж байгаа юм. Энэ нь амьсгал дутагдлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.

Гахайн ханиадны цар тахал нь 20-30 жилд нэг удаа гардаг аж. Манай улсын хувьд 10 жилийн турш дэгдэлт нь гарч байгааг онцолжээ. Одоо А хүрээний H1N1 вирусээр 0-2 насны хүүхдүүд их өвчилж байна. А дэд хэвшлийн H1N1 вирус-38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх тул дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

medee.mn