”Скай ресорт”-ын газрыг ”MCS” групп 12 жилийн турш үнэгүй ашигласан болохыг шүүхээс тогтоожээ

”Скай ресорт”-ын газрыг ”MCS” групп 12 жилийн турш үнэгүй ашигласан болохыг шүүхээс тогтоожээ

8 сарын өмнө

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Хүрхрээ ам буюу “Скай ресорт” цанын бааз байрлах газрыг “Мариотт” ХХК арван жилийн турш үнэ төлбөргүй ашигласан гэх тогтоолыг Улсын Дээд шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан “Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохирсон нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариотт” ХХК-д газар ашиглах болон эзэмших эрх үүсээгүй хэмээн хяналтын шатны шүүх үзсэн байна.

Хүрхрээн аманд байрлах уг цогцолборыг “MCS”-ийн охин компани “Мариотт” ХХК хариуцдаг ба хувьцааных нь 35.22 хувийг “Эм Си Эс” ХХК, 26.41 хувийг “Петровис” ХХК, 26.41 хувийг “Керри групп” ХХК, 11.96 хувийг “Скайтел групп” ХХК эзэмшдэг ажээ. Анх 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг олгож, гэрээ байгуулснаас хойш газрын хэмжээ нь 2008 онд 13.9 га болж нэмэгджээ. Мөн эргэн тойронд нь 131.8 га газрыг бас олгосон байна. Ингээд 2008 оноос хойш үе үеийн хотын удирдлага, Байгаль орчны яамны дарга нар уг газрыг ашиглуулах гэрээг сунгасаар ирсэн байна.

Энэ хугацаанд тус компани газар ашиглалтын ямар нэг төлбөр төлөлгүй, гурван сайдын хамтарсан тушаал гаргуулж, Хариуцан хамгаалах гэрээгээр 131.8 га газрыг нэмж хашаалан ашиглаж иржээ.

Энэхүү газрын асуудалтай маргаан одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оноос эхэлсэн бөгөөд “MSC” группийн охин компани “Глобал Тех”, “Мариотт” зэрэг гурван компанийг газрын төлбөрөө төлөөгүйн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн газрын алба Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч байв. Тодруулбал, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар 2009 оны аравдугаар сарын 29-нд Газрын төлбөрөөс чөлөөлөх тухай 317447235 дугаар хамтарсан тушаал гаргасан байдаг бөгөөд уг тушаалд “Газрын төлбөрийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.5, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтыг үндэслэн “Глобал Тех, “Мариотт”, “Мариоттур” компанийг газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй” гэсэн байдаг ажээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 8.1.5-т “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, ерөнхий боловсролын сургууль, асрамжийн байгууллагийн эзэмшиж, ашиглаж  буй газрыг төлбөрөөс чөлөөлнө” хэмээн заасан байдаг ба энэхүү заалт нь газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болдоггүй гэж үздэг.

Тиймээс Нийслэлийн газрын албанаас Газрын тухай хуулийн 35.3.1, 36.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дугаар заалтыг зөрчин 2010 оны газрын төлбөрийг төлөхөөс зайлсхийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүхэд хандсан аж. Тэд Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн гурав дахь заалтын дагуу алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож, газрын төлбөрөө нэхэмжилсэн бөгөөд тухайн үед “Мариотт” ХХК нь Нийслэл, дүүргийн газрын албанд 200 гаруй сая төгрөгийн өртэй хэмээгдэж байсан юм.

Хуульчлан тогтоосноор газар ашигласны төлбөр нэг м.кв нь 132 төгрөг бөгөөд “Мариотт” ХХК нь “Скай ресорт” цанын бааз ажиллуулж, газар ашигласныхаа нэг  жилийн төлбөрт 173.976.000 төгрөг буюу 12 жилийн хугацаанд нийт 2.087.712.000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэх тооцоолол гараад байгаа аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN