“TOUS LES JOURS”-ИЙН КРЕМТЭЙ НАРИЙН БООВНООС ТӨМӨР ХОШУУ ГАРЧ ИРЖЭЭ

“TOUS LES JOURS”-ИЙН КРЕМТЭЙ НАРИЙН БООВНООС ТӨМӨР ХОШУУ ГАРЧ ИРЖЭЭ

6 сарын өмнө
Монголын ууган бэйкери болох "Монбэйкери", Өмнөд Солонгосын CJ группийн хүнсний салбар "CJ Foodville" компанийн “Tous les Jours” нарийн боовны сүлжээ дэлгүүрийн хоёр салбарыг Улаанбаатарт  нээгээд гурван жил болж байна.

Монголын компанитай Франчайзинг гэрээгээр ажиллаж байгаа "CJ Foodville" компани хоёр жилийн хугацаанд танигдаж үйлчлүүлэгчидээ татаж эхэлсэн нь үнэн.  Эднийх бялуу болоод нарийн боовны төрөлжсөн томоохон дэлгүүр бөгөөд бялууныхаа бүх орц найрлаганд орох зүйлсийг БНСУ-аас авчирч хийдэг бөгөөд амт чанарын хувьд янзын хэмээн өөрсдийгөө рекламддаг юм билээ. Тиймээс ч үнэ өртгийн хувьд үнэтэй санагддагийг нуухгүй.

Тэгвэл шинэ жилийн баярын үеэр "CJ Foodville" компанийн “Tous les Jours” нарийн боовноос төмөр хошуу гарч, үйлчлүүлэгчээ бухимдуулжээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Tous les Jours”-ийн кремтэй боовыг авч идсэн үйлчлүүлэгч дотроос нь кремний төмөр хошуу олсон байна. Хэрвээ харалгүй, мэдэхгүй идсэн бол шүд хугалсан бол яана. Хүүхэд идээд хоолой дээрээ тээглүүлсэн бол яана гэж бодогдох юм. Ийм хариуцлагагүй, хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй томоохон сүлжээ дэлгүүр байх ч гэж дээ.

Баярын үеэр хэдий ачаалал ихтэй ажилласан ч хүнсний найдвартай гэх томоохон сүлжээ дэлгүүр байж ийм хариуцлагагүй байж болохгүй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийх ёстой биш үү.

О.Гэрэл
Оллоо.mn