СУРВАЛЖЛАГА: 80 настай З.Өлзийбаяр эмээ аргал ашиглан гэртээ шахмал түлш хийж, айлуудад тараахаар бэлтгэжээ

СУРВАЛЖЛАГА: 80 настай З.Өлзийбаяр эмээ аргал ашиглан гэртээ шахмал түлш хийж, айлуудад тараахаар бэлтгэжээ

3 сарын өмнө

-ХОЁР САРЫН ДОТОР 4000 ШИРХЭГ ШАХМАЛ ТҮЛШ ХИЙЖ АМЖДАГ-

Өдгөө 80 насыг шүргэж яваа З.Өлзийбаяр эмээ аргалын үйрмэг, нүүрсний хог ашиглан гэртээ шахмал түлш хийдэг. Гараар хийсэн шахмал түлшээрээ өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд ч өгдөг байна. Энэ жил 2500 ширхэг шахмал түлш хийснээс 1000 ширхэгийг нь өвлийн хэрэгцээндээ зарцуулж, үлдсэнийг нь өрх толгойлсон эцэг эх, эмгэд хөгшид зэрэг амжиргааны түвшин доогуур айлуудад тараахаар бэлтгэчихсэн байгаагаа хэлсэн юм.

Тэрээр нэг пронтер хуурай бууц, аргалыг 10 мянган төгрөгөөр, нэг пронтер нүүрсийг 20 мянган төгрөгөөр худалдаж авахад л шахмал түлшнийхээ түүхий эдийг бүрдүүлдэг байна. Ингээд дулааны улирал эхлэхэд буюу гуравдугаар сарын 15-наас түлш хийх ажлаа эхэлж борооны улирал эхлэхээс өмнө буюу тавдугаар сарын эхэн гэхэд түлшээ хийж дуусгадаг аж. Энэ хугацаанд нийт дөрвөн мянган ширхгийг хийж худагтаа хадгаладаг гэв.

Түлшээ хийхдээ  техник технологи ашиглаад байдаггүй. Нойтон аргал нүүрсний хог хоёроо хольж зуураад л гараараа бөөрөнхийлж барьцалдуулдаг. Өөрийн гараар бөөрөнхийлсөн түлшнүүдээ дөрвөөс тав хоног дэлгэхэд л толгой даагаад ирдэг байна. Энэ үед нь олон давхарлан өрж илүү сайн хатаана. Ялангуяа нойтон баас З.Өлзийбаяр эмээд хамгийн их хэрэгтэй. Учир нь аргалыг нүүрстэй барьцалдуулагч цавуу нь болдог аж.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Бууц тийм ч сайн биш, барьцалддаггүй. Бутарч унаад байдаг талтай. Тэдгээрийг холихын тулд ус их ашиглана. Нойтон аргал хамгийн сайн түүхий эд болно шүү. Миний анзаарснаар гар аргаар хийсэн түлш минь утаа багатай. Маш багаар уугиж гардаг. Миний хийсэн шахмал түлшнээс нүүрс биш аргалын утааны үнэр үнэртдэг. Аргалнаас атгыг ч хаяж болохгүй. Учир нь аргал маш хэрэгтэй, тэр чигээрээ ургамал юм. Улсад үйлдвэрлээд байгаа шахмал түлш тэмээний хоргол шиг их л хатуу эд байна лээ. Халаалтыг нь сайн болгохын тулд тусгай зүйл хольдог юм гэсэн. Яаж хийдгийг нь би мэдэхгүй л дээ. Гэрийн нөхцөлд иймэрхүү түлш хийчихээд хэрэглэвэл дугуй, ундааны сав түлснээс хамаагүй дээр” гэсэн юм.

-НҮҮРСНИЙ ХОГ ХАЯГДАЛ ХАЯСАН БАЙХЫГ ХАРСАН ҮЕД
СЭТГЭЛ НЬ ЗОВЖ, НУЛИМС ДУСЛАДАГ-

З.Өлзийбаяр гуай арван хүүхэдтэй айлд төрсөн ч, нялх ахуйдаа айлд үрчлэгджээ. Үрчилж авсан ээж нь бурхан болсны дараа төрсөн ах эгч нар дээрээ эргэн очсон байна. Бага залуу наснаасаа бэрхшээлийг туулсан тэрээр 17 насандаа Налайхын уурхайд орсноор анх ажлын гараагаа эхэлж байжээ. Тэндээс л амьдралынхаа ханьтай учран 12 хүүхдийн эцэг эх бололцсон тэд өдгөө 64 жил ханилан сууж буй буянтай буурайнууд аж. Уурхайчид ямар их хүч хөдөлмөр зарж, ямар хэцүү бэрхшээл эрсдэл дундаас нүүрс гаргаж авдгийг маш сайн мэддэг болохоороо нэг “атга” нүүрс ч хаях дургүй. Нүүрсний хог, хаягдал хаясан байхыг харсан үед сэтгэл нь зовж, нулимс нь дуслах шахдаг тухай ярьж байв.

Тэрээр  хэлэхдээ, “Хүмүүс нүүрсний хогийг маш замбараагүй хаядаг. Нүүрс хичнээн олон шат дамжлагаар хичнээн их хүний хөлс хөдөлмөрөөр гарч ирдгийг мэдэхгүй байгаагийнх юм л даа. Тэгээд л би нүүрсний хогийг ямар нэгэн аргаар ашиглая гэж бодоод айлуудын хаясан нүүрсний хогийг хашаагаараа дүүрэн цуглуулж байгаад түлш хийдэг. Нүүрсний хаягдал таарвал би боломжоороо шуудайлаад авдаг юм. Нүүрсний хог бол жинхэнэ алт. Одоо айлууд ундааны сав, дугуй шатааж байна” хэмээсэн юм.

1977-1990 оны хооронд УСУГ-ын 113 дугаар ус түгээх байранд ажилласанаас есөн жил шахмал түлш хийжээ. Энэ хугацаанд 4-36 тонн нүүрс хэмнэсэн байна. Тухайн үед хийсэн шахмал түлшээ байгууллагтаа өгдөж байсан аж. Харин тэтгэвэртээ гараад шахмал түлш хийхээ болиод байжээ. Хэдэн жилийн өмнө УСУГ тэтгэвэрт гарсан ажилтнуудаа цуглуулан тэдэнд өндөр настны жилийг тохиолдуулан нийгэм, улс эх оронд хэрэгтэй зүйл санаачлан хийж болох тухай дуулгасан байна. Үүнийг сонсоод нэг пронтер нүүрс худалдан аваад шахмал түлшээ дахин хийж эхэлсэн нь энэ юм.

-Та шахмал түлшнийхээ түүхий эд болох аргалыг хаанаас цуглуулж авдаг вэ. Олдоц хэр байх вэ?

-Налайхын Туулын голд манай ах дүү нар мал маллан амьдардаг. Би машин хөлслөн тэд нар дээрээ очиж түлээний хаягдал түүж, аргал ачиж ирдэг юм. Машины хөлсөнд 90 мянган төгрөг төлдөг. Тэр 90 мянган төгрөгийн би түлвэл хаана ч хүрэхгүй шүү дээ. Мөн Гацууртад байх танилуудаасаа ч аргал авдаг. Энэ жил авч ирж өгнө гэж байгаа.

-Ирэх хавар хичнээн ширхэг шахмал түлш хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ жил чадвал хоёр пронтер нүүрс, хоёр пронтер аргал авчих юмсан гэж бодож сууна. Ямар ч байсан хийнэ гэж бодож байгаа. Хаврын хэцүү хавсарганаар айлуудад тараавал хичнээн нэмэртэй байх бол.

-Өдөрт хичнээн шахмал түлш хийдэг вэ?

-Өдөрт 150-200 ширхэгийг хийдэг. Бие ядрахгүй, гайгүй байвал 250 ширхэгийг ч хийчихдэг юм. Хүн дайчин байх хэрэгтэй. Хийсэн ажлынхаа ард заавал гарах тэмцэгч байх хэрэгтэй.

-Нэг айлд нэг өдөр хичнээн ширхэг шахмал түлш шаардагддаг вэ?

-Нэг айлд нэг өдөр 30 ширхэг шахмал түлш хангалттай хүрэлцэнэ. Нэг удаадаа 5-6 ширхэгийг галдаа хийж асаадаг. Орой хийсэн түлш өглөө гэхэд улалзсан цогтой, дулаан байдаг. Аргалны хольцтой болохоор үнс их гардаг талтай.

-Аргал түлшээ хольж хутгах ажил настай хүнд хэцүү байх. Бүгдийг нь өөрөө гардаж хийдэг үү?

-Ус хийгээд л холиод зуурна. Хааяа манай өвгөн хутгаж, зуурч өгдөг юм. Эмээ нь 80 гарч байгаа хэдий ч хөнгөн шингэн хэвээр байгаа. Энэ бол миний насаараа зүгээр суулгүй хөдөлмөрлөсний үр шим гэж бодож байна шүү. \инээв.сурв\

З.Өлзийбаяр эмээгийн хань н.Мөнхөө гуай насаараа тээврийн тэрэг барьж улсдаа хөдөлмөрлөсөн буурай. Өдгөө 85 насыг зооглож яваа тэрээр 25 дугаар автокомбинатад н.Магмажав хэсгийн даргын удирдлага дор ажиллан гурван удаагийн саятан хийж байжээ. Төр засаг түүний улс эх орондоо хийж бүтээсэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Алтан гадас, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэрэг үнэ хүндтэй олон шагналыг хүртээсэн байна.

Өвгөн нь улсын ажил хийгээд завгүй явж байхад ар гэрийн шалтгаанаар ганц ч удаа дуудаж, ажилд нь саад болж байгаагүй аж. Тухайн үеийн хүмүүс ажил амьдралын зааг ялгаагаа маш сайн баримталдаг, үнэн ч шударга ажиллахыг эрхэмлэдэг байсан тухай хэлж байсан юм. Энэ тухай тэрээр “бид хоёр 12 хүүхэд төрүүлж өсгөсөнөөс дөрөв нь хүн болж чадаагүй. Нэг хүү, нэг охин минь өнгөрч байхад би өвгөнийхөө ажилд саад болж, гэр орон руу нь дуудаж, тэр хүнийг зовоогоогүй. Ах дүү нартайгаа хамтраад ажил явдлыг нь дуусгачихаад дуулгаж байсан юм. Өвгөн минь ухаалаг, сэтгэлийн хаттай сайхан хүн” хэмээн ярилаа.

Тэдний найман хүүхэд гадаад дотоодод ажил хөдөлмөр эрхэлж, улс эх орныхоо хөгжилд дэвшилд гар бие оролцож явна.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

medee.mn