М.Энхболд хаалгаа түгжчихээд, онгойлгож өгсөнгүй

М.Энхболд хаалгаа түгжчихээд, онгойлгож өгсөнгүй

7 сарын өмнө

-М.ЭНХБОЛД ХҮСЭХГҮЙ БОЛ АСУУДАЛ УИХ ДЭЭР ДОЛООН ЖИЛ Ч
ГАЦАЖ МЭДНЭ-

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Жагсаалыг зохион байгуулагчид болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан,Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн  УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгийг өгөхөөр Төрийн ордонд орж ирсэн юм.

Гэвч УИХ-ын даргын өрөө дотроосоо түгжээтэй, онгойхгүй байсан тул жагсагчид УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд шаардлагыг хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын даргатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх, хэлэлцэхгүйг М.Энхболд өөрөө л шийднэ.Өөрийнхөө хүсч байгаа зүйлийг долоо хоногийн дотор  оруулаад хэлэлцүүлчихдэг. М.Энхболд хүсэхгүй бол асуудал УИХ дээр долоон жил ч гацаж мэднэ. Хуулийн зохицуулалт нь ийм байгаа учраас бид ард  түмэнтэйгээ хамтран  жагсаж байна” гэж тодотгосон юм.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

-М.ЭНХБОЛД 72 ЦАГИЙН ДОТОР ОГЦРОХГҮЙ БОЛ 2018.01.10-НЫ ӨДӨР
ДАХИН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА-

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Жагсаалд 25 мянган орчим иргэн оролцож байгаа гэсэн тоог бид аваад байна. Бид УИХ-ын даргад хандсан шаардсан бэлдэж, жагсагчид баталсан.М.Энхболдод шаардлага өгөх гэсэн боловч өрөөнийхөө хаалгыг түгжчихээд онгойлгож өгсөнгүй.

Шаардлагадаа бид УИХ-ын дарга М.Энхболдыг 72 цагийн дотор огцрохыг шаардсан байгаа. Газрын доорх баялаг цөөн хэдхэн хүний өмч болоод байна. Ард түмэн МАНАН бүлэглэлийн эсрэг өнөөдөр нэгдлээ. Үндсэн хуулинд зааснаар төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байхаар зааж өгсөн. Тийм байхад УИХ-ын дарга дарга ард түмний санал бодлыг үл хүндтэгэж, албан тушаалтайгаа зууралдсаар байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

УИХ-ын дарга М.Энхболд 72 цагийн дотор огцрохгүй бол 2018.01.10-ны өдөр дахин жагсаал зохион байгуулна. Өнөөдрийн жагсаалд оролцогчид ард түмнээ энэ үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байгаа” гэсэн юм.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН 

medee.mn