Сонсогч хүү “Ээжээ тандаа хайртай шүү, сайхан амьдраарай” гэх зурвас үлдээгээд амиа егүүтгэжээ

Сонсогч хүү “Ээжээ тандаа хайртай шүү, сайхан амьдраарай” гэх зурвас үлдээгээд амиа егүүтгэжээ

9 сарын өмнө

-ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ СУРГУУЛЬ
ДЭЭРЭЭ АМИА ХОРЛОЖЭЭ-

Шинэ жилийн баярын өдрүүдэд сэтгэл гутрал, гэр бүлийн үл ялих маргаанаас эсвэл архи  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилж нас барах тохиолдол гарсаар байна. Хууль сахиулахын их сургуулийн хоёр сонсогч, нэг багш сургууль дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлын байран дээрээ их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тус сургуулийн багш Н нь өрөөндөө нас барсан аж. Тухайн багш нь ходоодны хорт хавдартай байсан гэх  ба нэг дор их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь амь насаа алдах шалтгаан болжээ.

Мөн одоогоос арав гаруй хоногийн өмнө тус сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогч есөн давхраас унаж нас барсан байдалтай олдсон байна. Тус талийгаач сонсогч өөрийн амьдардаг Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилчдын байрны есөн давхраас унаж нас барсан байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид олжээ. Түүнчлэн өчигдөрхөн гэхэд л тус сургуулийн цайны газрын доод давхарт нэг сонсогч өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн 15:14 цагт Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахиулахын их сургуулийн буюу хуучнаар Цагдаагийн академийн сонсогч амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач нь Завхан аймгийн Отгон сумын харъяат эрэгтэй 22 настай Ө байсан бөгөөд тус сургуулийн 317-р дамжааны сонсогчоор суралцаж байжээ. Амиа алдсан сонсогч нь сургуулийнхаа нэгэн охинтой үерхдэг байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин амиа алдсан өдөр үерхдэг охинтойгоо маргалдаж улмаар өөрийгөө боомилсон байж болзошгүй байна.

-ЦАЙНЫ ГАЗРЫН ДООД ДАВХРЫН УСНЫ ШУГАМААС ӨӨРИЙГӨӨ
БООМИЛСОН БАЙЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач сонсогч нас барахынхаа өмнө ээж рүүгээ “Ээжээ би таньдаа үнэхээр их хайртай шүү, Та минь намайг байхгүй ч сайхан амьдраарай” хэмээн зурвас илгээжээ. Хүүгийнхээ илгээсэн зурвасыг ээж нь уншаад эргэж залгасан боловч утас нь унтарсан байсан гэх. Ийнхүү талийгаач хүүгийн ээж Хууль сахиулахын их сургууль руу даруй холбогдон “Миний хүү сэжиг бүхий мессеж илгээгээд утас нь салчихлаа” хэмээн мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус сургуулийн бүх сонсогч нар хамтран сургуулийн хашаа, байрыг самнах ажиллагаа явуулсан. Самнах ажиллагааны үеэр талийгаач Ө нь цэргийн цайны газрын зоорийн давхрын усны шугамаас 1,2 метр цүнхний хар өнгийн оосроор өөрийгөө боомилж нас барсан байжээ. Хэргийн газарт тус дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан үзлэг шалгалт хийхэд талийгаач сонсогч гадны нөлөөгүй өөрийгөө боомилсон байсан аж.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Энэхүү болсон хэргийн талаар Хууль сахиулахын их сургуультай холбогдож тодруулга авсан юм. Тус сургуулийн ажилтан хэлэхдээ: “Манай  сургууль дээр огт тийм хэрэг болоогүй. Энэ талаар мэдээлэл алга байна” хэмээн дээрх мэдээллийг нуусан юм.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn