Нялх хүүхдийг шөнөжин унтахад нь туслах аргууд

Нялх хүүхдийг шөнөжин унтахад нь туслах аргууд

7 сарын өмнө

Хүүхэд чинь шөнөжин унтаж чадахгүй байна уу? Магадгүй энэ бол шинэ ээжүүдийн хувьд хамгийн том асуудал байх. Судалгаагаар хүүхэд 9 сартайгаасаа хойш шөнөжин унтдаг болдог. Гэхдээ хэрэв 9 сар хүртэл хүлээж чадахгүй байгаа бол бяцхан үрийг тань шөнийн турш унтахад туслах аргуудыг сонирхуулъя.

1. Нөхцөл байдалд дас

Шөнө сэрнэ гэдэгтээ бэлтгэлтэй байвал таныг галзуурахаас сэргийлнэ. 4 долоо хоног хүртлээ ихэнх хүүхдүүд шөнө бараг унтдаггүй. Шинэхэн төрсөн хүүхдүүд өдөрт 15-18 цаг унтдаг бөгөөд энэ нь 4-7 удаа унтаж сэрдэг гэсэн үг юм. Хүүхдийнхээ унтлагын цагийг эхлээд тааварлах аргагүй байна. Хүүхэд бүр өөр өөр байдаг учир миний хүүхэд бусдаас яагаад өөр байна гэж гайхах хэрэггүй. Хүүхэд чинь шөнө сэрсэн хэвээрээ байлаа гээд чи муу ээж гэсэн үг биш шүү.

2. Уянгалаг аялгуу сонсго

Шинэхэн төрсөн хүүхдүүдийн талаарх хамгийн том өрөөсгөл ойлголт бол чимээгүй орчинд унтуулах. Үнэндээ тэдэнд бага зэрэг дуу чимээ хэрэгтэй. эхийн хэвлийд байхдаа тэд тоос сорогчоос ч чанга чимээнд байдаг байсан. Тиймээс бага зэрэг намуухан далайн чимээ эсвэл радиогоо сул дээр нь тавиад орхиж болно.

3. Унтаж байхад нь хөхүүл

Орондоо ороод хэдхэн цагийн дараа босч хүүхдээ хөхүүлэхээс ядарч байна уу? Тэгвэл өөрөө унтахаасаа өмнө унтаж буй хүүхдээ тэврээд хөхүүлж болно. Сонин сонсогдож байгаа ч унтаж байхдаа хөхдөг шүү. Ингэснээр дараагийн хооллолт хүртлээ арай удаан унтахад тусална.

4. Сайн өлгийд

Хүүхдээ унтахад нь сайн өлгийдөх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө хөдөлгөөнд цочиж сэрдэг. Тиймээс яг л хэвлийдээ байгаа юм шиг өлгийдөх хэрэгтэй. эхний дөрвөн сард унтахад нь дандаа өлгийдөж байвал хүүхэд унтах цаг болсныг мэддэг болж, өөрөө шөнөжин унтдаг болно.

5. Шөнө нойрыг нь сэргээх зүйлсийг багасга

Бүх хүүхдүүд шөнө сэрдэг. Гэхдээ хамгийн гол нь хүүхдээ сэрснийхээ дараа өөрөө унтдаг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд орчныг нь намдуу байлга. Гэрлээ бүдэг дээр нь асаа. Хүүхэдтэйгээ ярьж эсвэл тоглохгүй бай. Мөн шөнө аль болох даавууг нь солих хэрэггүй. Шөнөжин нэг даавуутайгаа унтаж сурга. Зайлшгүй солих хэрэгтэй бол бүдэг гэрэлд солиорой.

6. Бага зэрэг хөдөлгөөн

Эхийн хэвлийд байхдаа хүүхдүүд байнгын хөдөлгөөн дунд байдаг. жирэмсэн байх үед тань хүүхэд чинь өдрийн цагаар ч унтаж байсан. Тиймээс хэрэв хүүхэд чинь унтахгүй байвал тэврээд алх, бүүвэйл, машинд авж явсан ч болно. Бага зэрэг савлагаанд унтах нь зүгээр. Гэхдээ цаашдаа савлагааг багасгаж энгийн үед унтдаг болоход нь дасгаарай.

7. Хөнжил нь ээж шиг үнэртэж байх ёстой

Нярай хүүхдүүд ээжийгээ үнэрээр нь таних чадвартай байдаг. тиймээс шөнийн турш ээжийг нь санагдуулах зүйл байх хэрэгтэй. хөнжлийг нь өдрийн цагаар өөрөө нөмөрч үнэрээ шингээгээд шөнө нь хүүхдэдээ нөмрүүлж болно.

Хэрэв хүүхэд чинь нэг нас хүрсэн бол жижиг, зөөлөн тоглоом сонгож аваад хүүхэдтэйгээ унтахдаа цамцандаа хийгээд хамт унт. Хүүхдээ унтсан хойно нь хүүхэлдэйгээ үлдээгээд өөрөө босч болно. Шөнө бүр нэг тоглоомтой унтуулаад сургачихвал та өөр орон дээр тухтай унтах боломжтой болно.

8. Тогтмол хийдэг зүйлтэй бол

Унтахаас нь өмнө усанд оруулаад унтуулбал хүүхэд илүү сайхан амарна. Унтахаас нь өмнө тогтмол хийдэг зүйлтэй болох хэрэгтэй. Жишээлбэл дулаахан унтлагын хувцсыг нь өмсгөөд хөнжлөөр нь хучаад ном уншиж өгөөд, сүүлд нь дуртай дууг нь дуулж өгч болно. Хэт тод гэрэл эсвэл харанхуйд байлгах хэрэггүй. Бүдэг гэрэл хүүхдэд унтах цаг болсныг сануулна. Мөн намуухан ая тавьж болно. Орчноо бүрдүүлээд хүүхдээ тэврэхэд шууд л нүд нь анилдаж эхэлнэ. Энэ маягаар тогтмол хийдэг болбол унтах цаг болсонд хүүхэд суралцаж эхэлнэ. Хүүхэд том болох тусам насанд нь тохируулж тогтмол хийдэг зүйлсээ өөрчлөөрэй.

9. Өдрийн цагаар тогтмол цагт унтуул

Хүүхдийг 2 сартайгаас эхэлж унтах цагийг нь зохицуулах хэрэгтэй. 2 сартай хүүхдүүд өдөр 3-4 удаа унтдаг ба ойролцоогоор нийт 6 цаг унтана. Өдрийн унтлага хүүхдийг амрааж, цэнэглэж өгдөг ба шөнө тайван унтах нөхцөлийг хангаж өгдөг. Өдөр бага унтвал хүүхэд ядарч шөнө сайн унтаж чаддаггүй. Тиймээс шөнө тайван унтуулахын тулд өдөр тогтмол унтуулж байгаарай.

10. Яавал дээр байна тэрийг хэрэгжүүл

Хүүхдийнхээ яавал сайн унтдагийг нь өөрөө илрүүлсэн бол хэрэгжүүл. Хүүхэд шүд ургах үед, айлд хонож байх үед зэрэгт шөнө сайн унтаж чаддаггүй. Том болох тусам хүүхэд өөрчлөгддөг учир тохирох аргыг олж хэрэгжүүл. Хэдий хэцүү байсан ч хүүхэд маш богино хугацаанд л жаахнаараа байдаг гэдгийг санаарай.
Эх сурвалж: yanaa.mn