Англи хэл сурах аргаа олохгүй л явна уу?

Англи хэл сурах аргаа олохгүй л явна уу?

6 сарын өмнө

Англи хэлээр төрөлхийн мэт урсгаж ярьдаг хүмүүст "Ta яаж англи хэлийг сурсан бэ?" гэсэн асуултыг хамгийн их тавьдаг болов уу. Тэгвэл хэрхэн сурах нууцыг бид дэлгэе.

Саяхан нэгэн америкийн блоггерийн TEDx дээр хийсэн яриаг үзэж байтал 'procrastination' буюу ажил хойш тавих зан бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай ярив. Түүний яриагаар бол ажлаа хойш тавих нь хоёр янз байдаг байна.

Нэгт, хугацаатай үйл явдал. Ийм нэгэн жишээ авч үзье. Таны дарга таныг хоёр долоо хоногийн дараа гэхэд танилцуулга бэлдэн толилуулахыг даалгалаа. Төгс үр дүнд хүрэхийн тулд та яг одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй. Өдөр бүр тодорхой хугацаа зарцуулан хийсний эцэст 14 дэх хоног дээр танилцуулга бэлэн болно.

Санаанд хүрсэн танилцуулга болох нь дамжиггүй. Гэвч бид үргэлж тэгж хийж чаддаг уу? Бодно, төлөвлөнө гэсээр арван хоног хойшлуулаад сүүлийн хэд хоногт яарч сандчин бэлдээд орох тохиолдол хэдэн удаа байсан бэ?

Танилцуулгаа хийж л амжсан хойно хэзээ хийх нь ямар хамаа байх вэ гэж бодож байна уу? Хамаатай шүү. Үр дүнд хамаатай.

 Сурахыг хүсэж буй англи хэлээ та нэг л өдөр сурчихгүй. 

Хоёрт, хугацаагүй үйл явдал. Үүнд бассейнд явах, англи хэл сурах гэх мэт тодорхой заасан хугацаагүй зүйлсийг нэрлэж болно.

Эднийг хийхэд танаас тодорхой шаардсан хугацаа байхгүй учир та тэднийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад л байвал мөн үр дүнд ч хэзээ хүрэхийг мэдэхгүй шүү дээ.

Ингээд бид хамгийн хийхийг хүсэж тэмүүлдэг зүйлсээ орхигдуулж, эцсийн дүнд ажлаас өөр зүйлд гаргах завгүй болсон байдаг. Сурахыг хүсэж буй англи хэлээ та нэг л өдөр сурчихгүй.Харин яг одоо л эхлэх хэрэгтэй.

Нэгдүгээр алхам бол, зорилго тавих.

Чин хүсэлтэй хүн бүр амжилтад хүрдэг гэдэг. Хүслийн хэмжүүрээр хэмжээд амжилт өөрөө ирчихдэг зүйл биш шүү. Харин хүсэл зорилгынхоо төлөө та юу хийхэд бэлэн бэ гэдэг нь л хэмжүүр болно. Тиймээс л хөдөлж эхэл.

Хэлний дамжаанд бүртгүүлмээр байвч хичээл, ажил давхацна, ажил ихтэй байгаа учир дараа долоо хоногт, дараа сараас эхлэе гэх мэт шалтгаанууд дуусахгүй. Танд яг одоо байгаа өнөөдөр мянган маргаашаас илүү. Тиймээс яг одоо хичээллэж эхлэе.

Алхам хоёр. Түвшнээ тогтооё.

Англи хэлний курст гурван сар явж байсан, эсвэл наймдугаар ангидаа сайн багштай хичээллэж тодорхой мэдлэг авсан ч дараа нь бараг ахиц гараагүй зэрэг тохиолдлууд хүмүүсийн дунд элбэг байдаг.

Та ч мөн иймэрхүү тохиолдлоор төдий л сайн сурч чадаагүй бол "Яаж англи хэл сурах вэ" гэж асуух нь дамжиггүй. Танд ердөө сурах боломж төдий л байгаагүй. Гэхдээ хэзээ ч оройтохгүй шүү.

KFC шарсан тахианы жорыг бүтээсэн Колонэл Сандэрс мянган жор туршиж үзсэний эцэст амжилтад хүрэхдээ 65 настай байсан ба одоо түүний энэ жорын тахиаг мэдэхгүй хүн үгүй шүү дээ. Харин та яг одоогийн байдлаар ямар хэмжээний мэдлэгтэй байгаагаа тодорхойлсноор цаашид хаанаас эхэлж сурах, мөн хэдий хугацаа хэрэгтэй гэдгээ мэдэж авахад хэрэгтэй.

Алхам 3. Яаж сурахаа шийдээд, түүнийгээ чанд сайн дагах.

Хэлний курст нэг удаа хоёр сарын хугацаатай явчихаад, дараа нь хаячихвал та тэр хэмжээнээсээ дээшлэхгүй. Харин нэгэнт явж эхэлсэн бол шаардлагатай түвшинд хүртлээ тууштай явах хэрэгтэй. Харин бие даан сурна гэвэл мөн өдөр бүр, ядаж долоо хоног бүр тодорхой хугацааг зориулж сурах хэрэгтэй.

Төлөвлөлт + цаг зохицуулалт = хүссэн үр дүн

Орчин бүрдүүлэх. Гадаад хэлийг орчинд нь л сурах хэрэгтэй гэж хүмүүс их хэлдэг. Тэгвэл та өөрөө тийм орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Англи хэл дээр дуу сонсож дуудлагыг нь давтаж хэл, ном уншиж шинэ үг цээжил, өдөр тутмын яриа гардаг цуврал кино үзэж ярианы хэв маягтай нь танилц. Эднийг бүгдийг хийж үзсэн ч үр дүнгүй байвал та буруу хийгээд байна гэсэн үг.

Анх удаа англи хэл дээр ном уншихдаа гартаа Шекспир атгаж болохгүй. Шекспирийн зохиолууд 16-17р зууны үеийнх ба бичгийн хэл нь ч түүнээс хойш маш их өөрчлөгдсөн. Харин яг таны сонирхлыг татах сэдвийн орчин үеийн уран зохиол, хувь хүний хөгжлийн тухай ном, эсвэл гадаад мэдээ, нийтлэлээс эхэл.

Дуртай хамтлаг, дуучид дунд тань англи, америкийн уран бүтээлчид байгаа л болов уу. Та тэдний дуунуудыг сонсогдох байдлаар дагаж дуулах биш, харин дууны үгийг нь олоод ямар үгийг яаж хэлж байгааг нь анхааралтай сонсоорой. Lyrics гэж бичээд л дууны үгийг нь олох боломжтой.

Хичнээн кино үзсэн ч ойлгох түвшинд хүрэхгүй байна гэж хүмүүс нэлээд ярьдаг. Тэгвэл кинон дээр жүжигчдийн ахин дахин бэлдсэн төгс цэвэрхэн хэл яриа л сонстоно.

Харин ТV show буюу нэг анги нь 20-40 мин байдаг долоо хоногт нэг анги гардаг цувралууд нь өдөр тутмын энгийн яриатай, жүжигчид ч мянга дахин бэлдэж амждаггүй учир бүх хэллэг нь төгс цэвэр бус, харин дундаж хүний ярианд хэрэглэдэг хэв маягтай байдгаараа ялгаатай. Тийм энгийн яриаг ойлгодог болсноороо та өөрөө дараагийн удаа төрөлх англи хэлтнүүдтэй асуудалгүй ойлголцож чадна гэсэн үг шүү дээ.

Ямар байдлаар сурахаа та өөрөө сонго. Харин аль нь ч байсан зорилгодоо үнэнч байгаарай.

ikon.mn