SOS: Хар тамхинд холбогдогсдын бага нь 13, ахмад нь 60 настай гэж бүртгэгджээ

SOS: Хар тамхинд холбогдогсдын бага нь 13, ахмад нь 60 настай гэж бүртгэгджээ

7 сарын өмнө

НОЦТОЙ БАРИМТ: 130 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар мансуурч үзсэн гэсэн судалгаа гарчээ!

Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улам бүр газар авсаар байгаа нь мэргэжлийн хүмүүсийн төдийгүй хууль хяналтын байгууллагынхны санааг зовоож байна. Яг хэдэн хүн мансууруулах бодис хар тамхи хэрэглэдэг вэ гэсэн нарийвчлан гаргасан яг таг тоо байхгүй. Гэхдээ баячуудын хүүхдүүд, хөрөнгө чинээтэй хүмүүс, урлагийнхан тэр дундаа рок, попынхон хар тамхи хэрэглэдэг гэсэн хэвшмэл ойлголт ард хоцорсон нь сайндаа биш хэрэглээ улам хүрээгээ тэлж, хэрэглэгч нь улам залуужиж байгааг илтгэдэг. Энэ түгшүүр биш гэж үү! Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн  нэгэн ярилцлагадаа аймшигтай хэрнээ анхаарал татахуйц зүйл хэлсэн байдаг юм. 

Тэрбээр “Бид өнгөрсөн жил  (2017 он) цагдаагийн байгууллага, Сурагчдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сурагчдын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар маш тааруу үзүүлэлт гарсан. Бидний хийсэн судалгааны дүгнэлтээр мансууруулах бодисын хэрэглээ хүүхдүүдийн дунд хавтгайрчихсан нь тодорхой болсон. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн байсан. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж эсвэл ямар нэгэн байдлаар мансуурч  үзсэн гэх тоо гарсан. Өмнөх жилүүдэд хар тамхийг амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо харин хар тамхины хэрэглээ баян, ядуу бүх давхаргад бий болчихсон байна. 130 гаруй мянган хүүхэд гэдэг бол зөвхөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд гарсан тоо баримт юм” гэж ярьжээ.

Хар тамхинд нэг л донтсон бол эмчилгээ авдаггүй гэдэг. Тэгвэл яах ёстой вэ? Урьдчилан сэргийлэх арга л хамгийн сайн арга болж хувираад байна. Сургуулийн хичээлийн хуваарьт тусгай цаг гарган, хор уршгийнх нь талаар хэлж өгсөн ч болохгүй зүйлгүй. Ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа ажил шүү дээ. “Монгол өрх” Төрийн бус байгууллагынхан 13 Ерөнхий боловсролын сургуулийн 3100 хүүхдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын талаар сургалт явуулахад хүүхдүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хортой гэдгийг мэдэх ч хэзээ, яаж донтдог, хор хөнөөл зэргийг нь "Мэдэхгүй" гэж хариулсан байна. Эндээс сургалт, соён гэгээрүүлэх ажил ямар их хэрэгтэй байгаа нь харагдана.

Найман жилийн хугацаанд 10 шахам кг хар тамхи илрүүлжээ

Зүүн Өмнөд Азийн орнуудаас хар тамхины төрлийн ургамал, бодисыг Монгол Улсад оруулахыг завдсан гэмт хэрэг их гардаг. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байдал өөрчлөгдөж, АНУ, барууны орнуудаас хүчтэй нөлөөтэй эм бэлдмэл оруулж ирэх, оруулахыг завдсан тохиолдол ч сүүлийн үед нэмэгджээ. Тагнуул, цагдаа, хил, гаалийнхан хамтарч хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлт, хууль бусаар оруулахаар завдах үйлдэлд хяналт тавьж байгаа. 2010-2018 оны хооронд гэхэд нийт 9.7 кг хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан хэргийг  гаалийнхан илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч байжээ. Харин 2018 онд хар тамхины төрлийн 250 грамм бодис оруулахыг завдсан зөрчил илрүүлсэн байна. 250 грамм бага юм шиг боловч хор хөнөөл нь асар их. Тун нь өндөрссөн гэсэн үг л дээ. Энэ мэтээр нийт 12 удаагийн үйлдлийг гаалийнхан дангаараа, мөн цагдаагийнхантай хамтран таслан зогсоосон байна. Дээр өгүүлсэнчлэн өмнө нь байгалийн гаралтай ургамал оруулж ирдэг байсан бол  одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан тун өндөр үйлчилгээтэй “мөс”, маруфан зэрэг бодисыг АНУ, барууны орнуудаас илгээмжээр, захидлаар явуулж байгаад баригджээ.  Илрүүлэх гол үүргийг ноход гүйцэтгэдэг аж. Хууль, хяналтынхан хар тамхи оруулж ирэхээс сэргийлэхийн зэрэгцээ манай улсын олсны төрлийн ургамал ургадаг аймгуудад ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй устгал явуулсан байна.

Хоёр сартай хүүхдийнхээ тэргэнд хар тамхи НУУСАН БАЙЖЭЭ

Хар тамхи хилээр оруулахыг завдагсад хүний санаанд оромгүй газарт түүнийгээ нуудаг. Нэг хэсэг дуулиан болсон С гэх бүсгүй нууц эрхтэндээ хар тамхи нууж, хилээр оруулж ирсэн байсныг цагдаа, хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн баривчилж байв. 2016 онд гадаадаас ирсэн монгол эмэгтэй хоёр сартай хүүхдийнхээ тэргэнд мансууруулах төрлийн бодис нууж оруулахыг завдсан тохиолдол хүртэл гарч байсан юм.

Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг авто машин, галт тэргээр оруулж ирэхийг оролдох тохиолдлууд ч гардаг. Илрүүлэхэд амаргүй байдаг учраас эрэлч, үнэрч нохой ашиглан илрүүлдэг байна. Нялх хүүхдийнхээ тэргэнд хар тамхи нууж оруулахыг завдахаас гадна сүүлийн үед  нялх  хүүхэдтэй эмэгтэйчүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь нэмэгдсэн гэх. Мөн захидал, илгээмжээр хар тамхи илгээсэн тохиолдлуудыг үүн дээр нэмж нэрлэж болно. Гаалийн байгууллагын хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмж хаа очиж нэг үеэ бодвол сайжирчээ. Хар тамхийг илрүүлээд орхихгүй ямар төрлийн бодис вэ гэдгийг таньж, ялгах гэж томоохон  ажил байдаг гэгддэг билээ.

Хар тамхи нас ЯЛГАХГҮЙ

Гурван сая хүнтэй манай улсад хар тамхины хэрэглээ хүн амтайгаа харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдоно. Хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулсан зэрэг хэрэгтэй тэмцсээр... Үр дүн ч гардаг ч хэрэглээ тасрахгүй байгаа учраас хэрэг дуусахгүй гэсэн үг. Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн хар тамхины  хамгийн бага насны хэрэглэгч нь 13 настай байсан бол хамгийн ахмад нь 60 гаруй насны хүн байжээ. Хар тамхи хэрэглэсэн, худалдаж борлуулсан хэрэгт 18 хүртэлх  насны найм, 19-25 насны 116, 26-35 насны 112, 35-аас дээш насны 26 хүн холбогдсон гэх мэдээллийг албаныхан өгдөг. Эндээс хар тамхи нас харгалзахгүй хор хөнөөл учруулж, донтуулж байдаг нь харагдана. Хар тамхитай холбогдогсдын 80 хувь нь эрчүүд бол 20 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Мөн нэр холбогдогсдын 50 хувь нь бүрэн дунд боловсролтой бол 44.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байсан аж. Мөн нийт хэрэглэгчдийн 84.7 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэх бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 18-20 насны 20 орчим залуус хар тамхины донтолтын эсрэг эмчилгээ хийлгэсэн байжээ /2016 онд/. Гэтэл 2017 онд энэ тоо огцом буюу гурван дахин нэмэгдсэн нь хар тамхины хэрэглээ залуужсаны НОТОЛГОО юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN