Д.Дорлигжав: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдан авах үйл ажиллагаа ХУУЛЬ БУС

Д.Дорлигжав: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдан авах үйл ажиллагаа ХУУЛЬ БУС

10 сарын өмнө

Улстөрчдийн толхилцоон үргэлжилсээр тэд хэвлэлээр сүртэй, сүртэй мэдэгдэл хийн нэг нэгнийхээ сайн, мууг илчилсээр байна. Эрх баригч МАН-ын "зодоон" АН-д ч халдварлаж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн нэг нь намаасаа татгалзаж, хоёр дахь нь намаасаа хөөгдөөд байна. Тэр дундаа ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Л.Болд гишүүн намаасаа татгалзаад буй.

Анзаарч харвал, Ардчиллын анхдагчдын дундах үл ойлголцол улам бүр гүнзгийрсээр байгааг сүүлийн үед хэвлэлээр ярилцлага өгсөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нарын ярилцлагаас харж болно.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талд байсан 49 хувийг худалдаж авсан тухайд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав "2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр болоход долоохон хоног дутуу байхад Энхболд намайг сонгуулийн штаб удирдаад өгөөч гэсэн. Долоо хоног дутуу байхад би очиж ажлыг нь авсан.  Ингэж явсаар маргааш нь сонгуулийн сурталчилгаа хаана гэж байхад гэнэт "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын компаниуд авлаа. Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. Сонгуулийн штабын залуучууд маань ийм зүйл бариад ороод ирэхээр нь би Сайханбилэг Ерөнхий сайд руу ярьсан. Юу болов, та нар юу хийгээд байгаа юм бэ гэж асуутал Сайханбилэг намын даргатай ярь гэсэн. Гэтэл З.Энхболд "Монгол хүн аваа л биз. Сайн л биз дээ" гэсэн.

Ер нь 49 хувийн тухайд би үүнийг Монгол хүн авч байгаа нь буруу гэж хэлдэггүй. Буруу гэж хэлдэг ганц зүйл нь бүгд хуулийн дагуу явагдах ёстой. Гэтэл хуулийн дагуу аваагүй. Үүнийг би хаана ч хэлнэ" гэлээ.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол компани авсныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн үед өмгөөлж байсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар 49 хувийг төрийн мэдэлд авах үед ч тэрбээр чуулганы хуралдаанд оролцож УИХ-ыг буруутгаж байсан.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Ц.Элбэгдоржийн хүн гэж хамаатуулдаг бол Д.Дорлигжав нь ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хууль бус болсон гэж мэдэгдээд байна. Д.Дорлигжав "Ийгл" телевизэд өгсөн энэхүү ярилцлагаараа "Би хэний ч хүн биш" гэж мэдэгдээд байна.

Тэгвэл ардчилсан хөдөлгөөний бас л анхдагчдын нэг Да.Ганболд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт 49 хувийн талыг төлөөлөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр  "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "49 хувийг худалдан авах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу" гэж асуухад "Оросууд зарах тухайгаа манайд мэдэгдээд Монгол Улсын Ерөнхий сайд кабинетаараа хэлэлцээд гаргасан шийдвэр. Энэ нь албан ёсоор гарын үсэг тоотоор баталгаажсан. Бид мөнгө байхгүй учраас авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин ч манай хувийн компани Монголдоо худалдаж аваад ирсэн нь сайн хэрэг биз дээ" гэж хариулж байжээ. Өөрөөр хэлбэл Да.Ганболд 49 хувийг худалдан авах үйл ажиллагаа хуулийн дагуу байсан гэж үзэж байгаа учраас өнөөдрийг хүртэл энэ талыг төлөөлөлн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа биз. Тэрбээр өнөөдөр "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа ч Эрдэнэт үйлдвэр хувьд очсоноор ямар өсөлт үзүүлж байгаа тухайгаа ярьжээ.

Тухайн үед Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсан Б.Хурц ч Эрдэнэ үйлдвэрийн энэхүү 49 хувийг авах ажиллагаанд оролцсон гэдгээ мэдэгдэж байсан түүхтэй.

Гэтэл Ерөнхий прокурор байсан хүн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хууль бус байсан гэж мэдэгдлээ.

IKON.MN