Бугат сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид нэгнийхээ амь насыг хөнөөжээ

Бугат сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид нэгнийхээ амь насыг хөнөөжээ

4 сарын өмнө

Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна. Тодруулбал, тус хэрэг тухайн шөнийн 03:00-04:00 цагийн хооронд гарчээ. Талийгаач Б-гийн гэрт О, Л нарын таван залуу очиж улмаар Б-гийн амь насыг хөнөөж, эхнэрийг нь зодож бэртээсэн аж. Талийгаач Б тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан бол түүний эхнэр хүнд бэртэж толгой нь хавагнан, гарандаа 11 оёдол тавиулсан байна.

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээлснээр, “Ажил явдалд нь оролцоод гараад явж байна. Ийм хэрэг болсон нь үнэн. Ямар шалтгааны улмаас зодож, амь насанд нь халдсан шалтгааныг нь мэдэхгүй. Өмнө нь гэр оронд нь нэг ч удаа очиж байгаагүй хүмүүс юм билээ. Хүмүүс ороод ирэхээр нь талийгаач Б сайхан өвөлжиж байна уу гэж асуухад нь, миний сайн муу өвөлжих чамд ямар хамаатай юм бэ гээд л цохиж унагасан байдаг. Газарт  унасных нь дараа ам руу нь архи цутгаад байсан” гэсэн юм.

Мөн талийгаач Б нь 2016 онд АН-аас Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байсан нэгэн ажээ. Харин түүний амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа О нь Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр МАН-аас нэр дэвшиж сонгогдсон юм байна. Энэ нь тэдний дунд улс төрийн ямар нэг маргаан, зөрчил байсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа талаар хэвлэлүүд мэдээллэж байна.

Мөн бид тус хэргийн талаар Булган аймгийн цагдаагийн газраас тодруулахад, “Ийм хэрэг манайд бүртгэгдээгүй. Ор үндэсгүй худлаа мэдээлэл байна” гэх тайлбарыг өгсөн юм. Мөн Бугат сумын Засаг даргын тамгын газраас тус мэдээллийг үгүйсгэсэн байр суурийг илэрхийлэв.

Харин ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс, “ах дүү нар архи ууж байгаад хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан” гэсэн мэдээллийг өгөөд байна. Хүн амины ноцтой эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа аж.

П.УРНАА

medee.mn