АТГ: Ерөнхий сайдын дүү ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байна

АТГ: Ерөнхий сайдын дүү ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байна

10 сарын өмнө

ШҮҮХ, ГАЗРЫН АЛБА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЛИГА ИХ ТАРХЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг  Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням,  Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө

Мэдээллийн эхэнд, Төрийн байгууллагуудын  авлигын индексийн судалгааг хийсэн талаарх мэдээллийг өглөө. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийт 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллажээ.

Үүнээс боловсролын салбар дахь авлига нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, тус салбар 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна.

Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан. Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрчээ. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.

Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ,  Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд, Үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн нарт хариуцлага тооцсон байна.

Одоогоор 315 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.  Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэсэн байна. Шүүх, газрын алба, эрүүл мэндийн салбар, яам тамгын газарт авлига их тархсанг АТГ-аас шалгаж тогтоожээ.

atg

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийн шалгалтын явц аль шатандаа явж байна вэ?

-ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүс  зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогтоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 100 гаруй тэр бум төгрөгийн хэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа их зарцуулагдаж байна. Манайх бүх албан хаагчдаа дайчилж ажиллаж байгаа. Мөн цагдаа нартай хамтран шалгаж байна. Хэргийг шийдвэрлэх мөчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Хөгжлийн банкны хэргийг хэзээ шалгаж дуусах вэ. Сангийн сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шүү дээ?  

-20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн.

-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэргийг шалгах үйл явц юу болж байна вэ?  

-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэр бүхий албан тушаалтнуудад 1.3 сая долларын авлига өгсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 1.3 сая долларыг буцааж өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад мөнгийг буцааж өгөхгүй шүү дээ. Шалгагдаж буй хүмүүсийг саатуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

-БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Г.Нямдаваа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.

-“Стандарт банк”-тай холбоотой хэрэг аль шатандаа явна?

-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө, маргаашгүй прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна.

-“60 тэрбум-ын хэргийг шалгаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй. Уг яриа болсонг тогтоосон. Гэхдээ энэ яриа хэрэгжсэн үү гэдэг нь асуудал дагуулаад байгаа юм. Гэрчүүдийг дуудаж байцаахад уг яриа хэрэгжээгүй гэдэг.

-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай 60 тэрбумын хэрэгт оролцсон уу?

-Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Уг хэрэгт холбогдуулан шалгаагүй.

-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа  хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн.  Би тэгээгүй. Өөрийнх нь нэгдмэл сонирхолтой этгээдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байгаа. Нэгдмэл сонирхолтой гэхээр ах дүү, аав ээж, эхнэр хүүхэд гэж манай улс төрчид ойлгоод байна. Тэр бол буруу ойлголт.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа "Дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэж хэлсэн" гэсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбогдуулан АТГ байцаалт авч эхэлсэн байсан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

– Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гараад явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна.

Т.ХУЛАН

medee.mn