Н.Цэрэнбат: Хот татвартай болж байж утааг бууруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт бий болно

Н.Цэрэнбат: Хот татвартай болж байж утааг бууруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт бий болно

7 сарын өмнө

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч түүнээс үүдэлтэй хор уршгууд нэмэгдсээр байна. Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр иргэдийн бухимдал дээд цэгтээ тулж буй энэ үед төр засгийн зүгээс утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тэргүүн Н.Цэрэнбатаас тодрууллаа.

СҮҮЛИЙН 15 ЖИЛД ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХААНА БАЙСАН ЮМ

-Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Агаарын бохирдлыг бууруулах  үндэсний хороо энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Улаанбаатар хотод шилжин ирж буй насанд хүрэгчдээс 50 мянган төгрөг, насанд хүрээгүй хүнээс 25 мянган төгрөг авна гэсэн шийдвэрийг 2003 онд гаргасан. Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс уг шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд шүүхээс уг шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн гэж үзээд цуцалсан. Үүнээс үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилд Хүний эрхийн комисс хаана байсан юм. Зохион байгуулалттай, сахилга бат хариуцлагатай байхыг хүний эрх зөрчсөн гэж үзсэн байна. Гэтэл хүн хордож эрх нь зөрчигдөж байхад Хүний эрхийн комисс хаана явсан бэ. Мөн хүний тооноос хамаарсан төсөв тавьж өгдөггүй. Бид утааны хохирогч нь бас бий болгогч нь. Тэгэхээр өмнөх хүмүүсийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж, харлуулахгүйгээр ажилдаа орох ёстой. Бид хамгийн эхэнд дулааны алдагдлаа бууруулах ёстой. Энэ чиглэлд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо үе шаттай ажлуудыг хийгээд явж байна.

-Хийж буй ажлын тань үр дүн хэзээнээс гарч эхлэх вэ? 

-Яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ гэж үү. Хэтэрхий бага зайнд хэт олуулаа амьдарч байгаад асуудал байна. Сахилга бат, хариуцлага, зохион байгуулалт алдагдсанаас болж бид өнөөдрийн хотыг бий болгосон. Сүүлийн 10 жилд "Цэвэр агаар сан мөнгө идээд байна" гэсэн шалтгаанаар татан буулгасан. Хэдхэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж зөв зүйлээ буруу болгож хийж эхлүүлсэн ажлаа зогсоосон. 2017, 2018 онд утааг бууруулахад бага хэмжээний мөнгө тавигдаад явж байгаа. Энэ мөнгөний ихэнх нь гэр хорооллын айлын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн зардалд зарцуулагдаж байна. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний ачаалал 1.3 сая хүнд хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Манай хот 500 мянган хүний дэд бүтэцтэй.

41 мянган айл цахилгаан халаагуурт шилжсэн байна. Улаанбаатар хотын эрх зүйн хуулийг батлах ёстой. Хот татвартай болох ёстой. Ингэж байж утаанд шаардлагатай хөрөнгө оруулалт бий болно. Олон хүн бүтээгдэхүүн нийлүүлж мөнгө авах гэж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 100 гаруй санал, ажлын төлөвлөгөө надад ирсэн. Гэхдээ түүнээс хамгийн шинжлэх ухаанч мэргэжлийн саналыг нь дэмжинэ. Агаарын бохирдлыг бууруулах зориулалттай бүтээгдэхүүнүүдийг банкуудаар дамжуулан зээлээр олгоно. Ард иргэдэд цахилгаан халаагуур өгөх боломжийг түлхүү олгоно. Дулааны алдагдлаа бууруулахад нь зээл олгоё гэж байгаа. Энэ долоо хоногийн эцэс гэхэд банкуудын холбоотой зээлийн асуудлаар тохирчих байх. Зээлийн хүүгээ ярилцаж байна. Бүтээгдэхүүний чанартай эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлттэйгээр хэрэглэгч тодорхойлно. Дэмжлэг авсан бүтээгдэхүүнийг банкны зээлээр олгоно.

-Банкаар дамжуулан олгох зээлийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Орлогоос нь хамаараад 3-12 сая хүртэлх зээл авах боломж үүсгэж байгаа. Дулааны алдагдалгүй болгохын тулд мөн зээл олгоно. Зээлийн хүүг нь гадна, дотнын төслийн санхүүжилтээр өгнө.  Харин бүтээгдэхүүнээ иргэд банкаар дамжуулан зээлж авна.

-Цахилгаан халаагуур хэрэглэж болох ч цахилгааны төлбөр хэт өндөр гарч байгаа нь асуудал болоод байгаа? 

-Мэргэжлийн хүний яриагаа л бид яримаар байна. Засгийн газраас дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Төсөв нь тавигдаад явж байна. Гэхдээ энэ нь урт хугацааны бодлогон. Харин богино хугацаандаа түлш болон утаа гаргачтай тэмцэх ёстой. Цахилгаан халаагуур хэрэглэсэн нь илүү үр дүнтэй. Түлшний асуудлыг найдвартай байлгахын тулд Тавантолгой түлш дээр нөөцөө бэлдэж байна. Мэдээж эрдэмтдийн шийдэл байгаа. Шийдлээ нотлох ёстой. Мэргэжлийн хүмүүс дээр тулгуурласан санал, шийдлийг л төр дэмжих ёстой.

Т.ХУЛАН

MEDEE.MN