Алтны компаниуд ОНОН голыг минь СҮЙТГЭХ нь гэв

Алтны компаниуд ОНОН голыг минь СҮЙТГЭХ нь гэв

8 сарын өмнө

Гутайн даваанд алт олборлохыг эсэргүүцлээ

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын иргэдийн төлөөлөл Гутайн даваанд алт олборлох үйл явдлыг эсэргүүцэж байгаа талаараа өнөөдөр (2018.12.21) хэвлэлийнхэнд хандлаа.  Хоёр аймгийн долоон сумын 70 гаруй иргэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цугларч, байгаль орчин, гол усаа хамгаалах “Онон мөрөн” хөдөлгөөнийг байгуулжээ. Эхний ээлжинд хөдөлгөөн төлөөлөл Хэнтийн аймгийн Батширээт сумын Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж буй “Пегматит майнинг” компанийн  алт олборлолтыг эсэргүүцэж байна гэв.

Гутайн даваанд алтны чулуун орд ашиглаж байгаа бөгөөд Онон голыг бохирдуулахад ойрхон байгааг анхааруулсан юм. Хөдөлгөөний төлөөллүүд нийслэлд ирж УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж шаардлага хүргүүлсэн байна.  Хэвлэлийн бага хуралд оролцсон иргэдийн төлөөллийн саналыг хүргэе.

Н.Алтангэрэл: “Пегматит майнинг” амлалтаасаа буцсан

(“Онон мөрөн” хөдөлгөөний тэргүүн)

- “Онон  мөрөн” хөдөлгөөн байгуулагдсан даруйдаа Гутайн даваанд алтны олборлолт явуулж байгаа компанийнхантай уулзаж тохиролцсон. "Та бүхний асуудлыг төр засгийн өндөрлөгт хүргүүлье. Үйл ажиллагаагаа түр зогсооно уу" гэхэд зөвшөөрсөн.

Ингээд Онон голын сав дагуу сумдын 2600 хүний гарын үсэгтэй шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Төр засаг бужигнаж байх хугацаанд “Пегматит майнинг” компанийнхан иргэдэд амласан амлалтаасаа буцаж Гутайн даваанд техник хэрэгслээ  аваачсан. 2016 оноос хойш төрийн өндөрлөгүүдэд дөрвөн удаа бичиг хүргүүллээ. 1000-2600 хүний гарын үсэгтэй албан бичигнүүд. Бид хамгийн сүүлийнхээ шаардлагын хариуг сарын хугацаанд авахаар шаардсан.  Дэлхийн 10 том мөрний нэг Онон бохирдоод зогсохгүй байгаль, амьтан, түүхийн холбоотой олон зүйл устахаар байгааг шаардлагаараа анхаарууллаа.

Н.Баатар: Иргэдийн саналыг буруугаар ашигласан

(Батширээт сумын “Онон” багийн малчин) 

-Гутайн даваанд алтны олборлолт явуулж байгаа компани нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр  “Онон” багийн иргэдтэй уулзсан. Багийн Иргэдийн Нийтийн Хуралд “Манай компанийн Техник эдийн засгийн үндэслэлтэй танилцахыг та бүхэн зөвшөөрөх үү” гэсэн санал асуулга явуулсан. Иргэдийн Хуралд орсон хүмүүс зөвшөөрсөн. Гэтэл энэ саналыг буруугаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байна.

Д.Энхбаатар: Онон гол 2-3 жилийн дотор асар их бохирдоно

(Монгол Улсын  Зөвлөх инженер)

- Гутайн давааны алтны уурхай өөрөө чулуун орд юм. Алтыг чулуунаас  ялгаж авахын тулд цианит, натри зэрэг  маш хүчтэй хортой бодисыг ашигладаг. Энэ бодисыг ашиглаад алт угаасан  тохиолдолд Онон гол 30 жил тэсэх нь бүү хэл 2-3 жилийн дотор маш их бохирдож өөрчлөгдөх аюултай.

Тиймээс дуу хоолойгоо нутаг усныхантайгаа нэгтгэж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Бугант, Төв аймгийн Заамар сум ямар болсныг, яасныг мартаж болохгүй. Гутайн даваанд олборлолт хийх гэж байгаа компаниуд оройтоогүй дээрээ явах хэрэгтэй дээ.

Я.Хундаганаа: Байгалийн баялгаас 8 их наяд төгрөг л төсөвт орсон

(“Гал” нэгдлийн тэргүүн)

- “Гал” нэгдлийг 10 Төрийн бус байгууллага хамтарч байгуулсан. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилснөөр юу хожив. Замбараагүй олборлолт ихэслээ.

Алт, мөнгө, зэс, газрын тос, нүүрс гэсэн 10 хүрэхгүй байгалийн баялгаа манайхан ашигладаг. Сүүлийн жилүүдэд 62,8 их наяд төгрөгийн борлуулалтыг эдгээр бүтээгдэхүүнээс олсон. Улсын төсөвт найман их наяд төгрөг нь орсон. Үлдсэн 54 их наяд төгрөгийг эх орноо худалдагсад, байгалийн баялагт шунаглагсад завшсан” гэсэн юм. Эдгээр иргэн зөвхөн Хэнтий аймгийн Батширээт сумын Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар тэмцлийнхээ хүрээг хязгаарлахгүй гэж мэдэгдсэн юм.

Д.ДАМДИН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.АМАРЖАРГАЛ

WWW.ZINDAA.MN