Б.Хоролмаа: “Охин чинь хэцүүхэн байгаа” гэдэг болохоор хүүхэдгүй хүн хүүхдээ болгоод авчихсан ч юм билүү гэж боддог

Б.Хоролмаа: “Охин чинь хэцүүхэн байгаа” гэдэг болохоор хүүхэдгүй хүн хүүхдээ болгоод авчихсан ч юм билүү гэж боддог

10 сарын өмнө

-ЯМАР Ч ЭРЛИЙН СЭЖҮҮР ГАРАХГҮЙ БАЙГАА УЧРААС ОЛДОХГҮЙ БАЙНА-

Одоогоос  жил гаруйн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 02-нд Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй болсон. Тэрээр хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан бөгөөд охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйгаагүй хэвээр байна. Хууль хяналтын байгууллага эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ажлын хэсгийн баг 14-30 хоногоор ээлжлэн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хамгийн сүүлд гарсан байдаг. Гэр бүлийнхнийх нь зүгээс охиныг сэтгэлээ сэмэртэл хүлээж, хайж, олон ч мэргэ төлөгчөөс асууж сураглан горьдлого тээсээр суугаа.

Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа Хөвсгөлийн бөөд очихоор энэ долоо хоногт Улаанбаатар хотод иржээ” гэх мэдээлэл тархсан юм. Тус мэдээллийн дагуу бид холбогдож тодруулахад ор үндэсгүй мэдээлэл болохыг хэлж байв. Д.Сэржмядагийн ээж Б.Хоролмаагаас эрэн хайх ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.


 

-Таныг Хөвсгөлийн бөөд очихоор энэ долоо хоногт хотод ирээд байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийг хэрэгслүүдээр цацагдаад байна. Та хэзээ ирсэн бэ?

-Би хотод очоогүй. Гэртээ байна. Хотод ямар Хөвсгөлийн бөө байх вэ.

-Эрлийн ажиллагаа яг одоогийн байдлаар ямар байдалтай үргэлжилж байгаа вэ?

-Эрлийн үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Бидэнд одоогийн байдлаар ийм тийм гэх тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Шалгаж байгаа зүйлүүд байгаа гэсэн. Шалгалтын явцад сэжүүр илэрвэл үнэн бодитоор мэдээллэнэ л гэж бидэнд хэлсэн юм. Одоогоор Замын-Үүдийн иргэн бүрийг шалгаад дуусчихсан байгаа байлгүй дээ.

-Цагдаагийн байгууллага хамгийн сүүлийн байдлаар охиныг тань хаагуур хайж байгаа гэж хэлж байна вэ?

-Энэ тухай Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас асуухгүй бол бидэнд иймэрхүү нарийн ширийн зүйлүүдээ хэлдэггүй юм.

-Эрлийн ажиллагааг гүйцэтгэж буй ажлын хэсгийн баг 14-30 хоногоор ээлжлэн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хамгийн сүүлд гарсан байдаг. Одоогоор хичнээн алба хаагч оролцон эрж байна вэ. Энэ тухай мэдээллийг мөн та бүхэнд өгөөгүй юу?

-Тийм. Бидэнд бас л хэлж дуулгасан зүйл байхгүй. Үүгээр, түүгээр хайж байгаа. Ийм баг бүрэлдэхүүн хайж байгаа гээд бүгдийг нь ил тод хэлээд байвал миний хүүхдийг улам цаашаа нуугаад, далдлаад байна шүү дээ.

-Ямар ч эрлийн үзүүр олоогүй учраас цагдаа нар мэдээллийг нууцлаад байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр мэдсэн зүйл бий юу?

-Ямар ч эрлийн сэжүүр гарахгүй байгаа учраас олж чадахгүй байна. Нэг ч сэжүүр гарахгүй байна.

-Танай охины хэрэгт эцэг эхийг нь сэжиглэн шалгах болсон гэх мэдээлэлд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Шанд явсан хойгуур л алга болсон. Биднийг мэддэг, тэр ч бүү хэл судалсан л байгаа байхгүй юу.

-Уг хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн баривчилж хориод сулласан гэх мэдээлэл тархсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн шүү дээ.. Энэ талаар мэдээлэл байгаа юу?

-Хамааралгүй хүмүүс юм билээ. Гэрээсээ гараад явж байхад нь харсан хөрш айлын хүмүүс байсан. Хөрш зэргэлдээ юм чинь харалгүй яахав дээ. Муу санаатай хүмүүс байсан бол хараагүй гээд л чимээгүй өнгөрч болох л байсан байх. Гэтэл тэгээгүй, харсан л юм чинь үнэнийг хэлсэн. Одоо ч хүний чанар муудсан цаг шүү дээ. /хоолой зангирав.сурв/

-Цагдаагийн байгууллагаас өөр газар хандаж үзэв үү. Эрэл хайгуулын ажил хангалттай сайн хэмжээнд явагдаж байгаа гэж бодож байна уу?

-Цагдаагийн байгууллага бүгд л ажиллаж байгаа байх. Эрэл хайгуулыг уйгагүй сайн хийж байгаа гэж бодож байна.

-Хилийн чанадад Эрээн хотоор эрлийн ажил үргэлжсэн хэвээрээ юу зогсоочихсон уу?

-Хоёр хөршөөс хайх хэлэлцээр хийнэ гэж яригдаж байсан. Хятад Улс зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Орос Улс ч ганцхан хүний төлөө хөдлөх болов уу. Гэр бүлийнхэн бид нарын яваагүй газар гэж үлдсэнгүй. Өнгөрсөн зуны турш баруун аймгуудаар явж сураглалаа. Хамгийн сүүлд Хөвсгөл орчихоод ирсэн. Мэдээгүй, огт сонсоогүй хүмүүс ч байсан. Хөдөө уулын мухарт ганц гэрээр байдаг хүмүүс ямар ч мэдээлэлгүй байдаг юм байна. Үзүүлээгүй бөө ч гэж байхгүй. Амьд байна олдоно л гээд байгаа. Дорнод, Сүхбаатарт аймгуудад эрэн хайх ажиллагааг сайжруулбал яадаг бол гэж бодоод л байгаа. Охин чинь зүүн тийшээ их л удчихсан хэцүү байдалтай байгаа шүү гэж зарим үзмэрчид хэлдэг. Тэгэхээр яалт ч үгүй Дорнод, Сүхбаатар болж таараад байна. Хүүхэдгүй хүн хүүхдээ болгоод аваад явчихсан ч юм билүү гэж бодох юм.

П.УРНАА

MEDEE.MN