ДЭМБ: Хүчил төрөгчийн коктейль, уушиг цэвэрлэх цай ашиг тустай эсэх нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй

ДЭМБ: Хүчил төрөгчийн коктейль, уушиг цэвэрлэх цай ашиг тустай эсэх нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй

8 сарын өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хэмжээнд есөн нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байгаа бөгөөд жил бүр долоон сая хүнийг чимээгүй хөнөөж буй талаар судалгаа дэлгэлээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатар ч дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлээр “тодорч” томоохон хэвлэлүүдээр гараад байна. Үүний нэг нь Их Британийн “Sky news” сайтын сэтгүүлч Алекс Калбертсоны бичсэн  “Дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлд амьдарч буй Монголчууд утааг даван гарахын тулд хүчилтөрөгчийн коктейль ууж байна” нэртэй нийтлэл юм.

Энэхүү нийтлэлд:

Нийслэл Улаанбаатар хотын иргэд хорт утаанаас өөрийгөө хамгаалахын тулд дэлгүүрээс 1.45 паундаар нэг лааз хүчилтөрөгч худалдан авч, жимсний шүүстэй хольж уудаг байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 2016 онд гаргасан тайлан судалгаагаар Улаанбаатар нь Шинэ Дели болон Бээжин хотуудаас ч илүү агаарын бохирдолтой байгаа нь тэд эрүүл мэнддээ анхаарахаас өөр аргагүй болсныг хэлж байгаа юм. Дээрх тайланд дурдсанаар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд илүү их эрсдэл хүлээж байгаа аж.

Улаанбаатарын гэр хорооллын хүмүүс -40 хэмийн хүйтэнд гэрээ халааж, хоол ундаа хийхийн тулд нүүрс түлж утаа гаргадаг бөгөөд энэ утаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан “аюултай” гэх хэмжээнээс 133 дахин их байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаагаар амьсгалын замын өвчлөл гурав дахин ихэсч, таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь уушигны хатгалгаа болжээ.

Бүтээгдэхүүн гаргаж буй компаниуд  “Хүчилтөрөгчийн коктейль нэг удаа уухад ойд гурван цаг алхсантай тэнцэхүйц” байдаг хэмээн зар сурталчилгаа хийж байна. Гэтэл ДЭМБ-ын албан ёсны мэдэгдэлд лаазалсан хүчилтөрөгч нь хүний биед сайн гэх нотолгоо одоогоор байхгүй гэх.

Хүчилтөрөгчийн коктелийн машинууд нь кофе чанагч машинтай төстэй харагдах бөгөөд дэлгүүр, эмийн сангуудаар ихэвчлэн харагдана. Энэхүү бүтээгдэхүүний хамгийн гол худалдан авагчид нь эмчийн заавраар хэрэглэж буй жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тэдний төлөөлөлөл болох гурван хүүхдийн ээж, нягтлан бодогч, 34 настай Б.Мөнгөнтуул жирэмсэн байхдаа энэ хүчилтөрөгчийг уудаг байсан ч агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлүүд илүү их мөнгө зарцуулж байна гэлээ. Тэрээр мөн “Бид өвөл болгон эмийг хүнс шиг л худалдаж авдаг” хэмээн хэлсэн юм.

Монголчууд мөн агаарын бохирдлоос гэр бүлээ хамгаалахын тулд агаар цэвэршүүлэгч худалдан авдаг, Мөнгөнтуулынх ч мөн 220 паундаар агаар цэвэршүүлэгч авчээ. Агаарын бохирдлоос хамгаалах бас нэгэн арга бол уушиг цэвэрлэх цай. Өвлийн улиралд энэ цайны борлуулалт 20-30 хувиар өсдөг гэх.

Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүчилтөрөгчийн коктейль болон уушиг цэвэрлэх цайны ашиг тусыг няцааж, эрүүл мэндээ хамгаалах бодит шийдэл бол агаарын бохирдлыг бууруулж, түүнийг бууруулах чиглэх ёстой гэлээ. Мөн ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Мариа Нэра хэлэхдээ  “Бизнесийн байгууллагууд энэ шийдлийг санал болгож байгаа ч хүчилтөрөгчийн коктейль болон уушиг цэвэрлэх цай нь ашиг тустай эсэх талаар шинжлэх ухааны нотолгоо байхгүй” гэлээ.

Шинжлэх ухаанаар нотлогдоогүй гэдэг нь хүний биед хүчилтөрөгч ходоодоор дамжин үйлчилдэггүй, зөвхөн уушгаар дамжин үйлчилдэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.SKY.COM

Б.ГЭРЭЛ

MEDEE.MN