“ХҮННҮ МОЛЛ”-д тоглож байгаад хуруугаа гэмтээсэн хүүгийн ээжийг байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр Цагдаад өгчээ

“ХҮННҮ МОЛЛ”-д тоглож байгаад хуруугаа гэмтээсэн хүүгийн ээжийг байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр Цагдаад өгчээ

5 сарын өмнө

-ХҮҮГИЙНХ НЬ ХУРУУ НОЦТОЙ ГЭМТЧИХЭЭД БАЙХАД ОР ҮНДЭСГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ХЭРГЭЭР ЭЭЖИЙГ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГЧЭЭ-

“Хүннү молл” худалдааны төвийн мөсөн гулгуурын талбайд тоглож байгаад хуруугаа гэмтээсэн хоёр ч тохиолдол дараалан гарчээ. Хохирогч хүүгийн ээж бидэнд хандаж, бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс сурвалжилж өгөхийг хүссэн юм.

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-ний өдөр 17 цагийн үед тус төвийн мөсөн гулгуурын талбайд тоглож байсан 12 настай хүүгийн ядам хурууны эхний үений яс бяцарч, хумс нь унасан байна. Хуруугаа гэмтээсэн хүү ээж рүүгээ ярьж,  “миний хурууг хүн дайрчихлаа аймаар өвдөөд байна” хэмээн ярьсан аж. Ээжийг нь очиход түргэн тусламжийн эмч ирээд анхны тусламж үзүүлэн гарыг нь боочихсон байжээ. Тухайн үед анхны тусламж үзүүлсэн эмч “гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүүгээ яаралтай аваад очоорой, багахан хэмжээний мэс засалд оруулах шаардлагатай”хэмээн хэлсэн байна. Эмнэлэгт очиход, тасрах шахам унжсан хумсгүй хурууны үзүүрийг нааж, таван оёдол тавьжээ.

Энэ тухай хүүгийн ээж хэлэхдээ, “Тухайн үед эмнэлэгт аваачихад хүүгийн минь хуруу хүн харахын аргагүй аймшигтай харагдаж байсан. Түргэний эмч ирээд өвчин намдаах тариа хийсэн гэсэн тэр нь ямар тариа байсныг би сайн мэдээгүй. Манараад согтуу хүн шиг болчихсон байсан. Хүүгийн минь хуруу унжаад тасрах шахсныг нийлүүлж оёод одоо арай гайгүй дээрдэж байна. Яг өсөлтийн үений яс бяцарч гэмтсэн тул цаашид энэ хуруу бусад хурууныхаа адил өсөж томрохгүй ургахгүй тахир дутуу байх магадлалтай гэж эмч хэлсэн” хэмээн ярьсан юм. Гарыг нь дайрч гэмтээсэн гэх залуу “би танай хүүхдэд хүрснээ санахгүй байна. Энэ хэрэгт чинь би ямар ч хамаагүй хүн” гээд хэргийн газрыг орхиод явжээ. Хүүгээ эмнэлэгт хүргэх гэж яарсан ээж өөрийгөө зохион байгуулагч хэмээсэн н.Наранчимэг гэх эмэгтэйд хандаж “хүүгийнх нь хурууг дайрсан залуутай эргэн холбогдох утасны дугаар болон гэрийн хаягыг авч үлдэхийг гуйгаад явжээ. Тэд хариуд нь бичлэгтэй нь бэлдээд тавьчихъя гэжээ. Асуудал жаахан намжсаны дараа “Хүннү молл” худалдаа, үйлчилгээний төв рүү эргэн холбогдох гэж оролдсон боловч чадаагүй байна.

Энэ хооронд “Хүннү молл”-оос ч хүүгийн гар яаж байна гэж асуугаагүйгээр үл барам, бичлэгийг үзүүлэхгүй хэмээн эсэргүүцсэн аж. Эмнэлэгт хүүгээ үзүүлж яваад “Хүннү молл”-ын мөсөн гулгуурын талбайд тоглож байгаад хоёр хуруугаа гүн зүсүүлж гэмтээгээд оёдол тавиулсан охинтой тааралджээ. Өөрийнх нь хүү шиг бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм байна, цаашид гарах вий гэж санаа зовнин олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрийн цахим хуудаснаа “хүүгийнх нь хуруу тасрах шахам гэмтсэнийг өөр нэг охин бас гэмтэл авсан” тухай нийтэлжээ. Энэ тухай хүүгийн ээж “халтирч унахад л гар хурууг нь тасдах эрсдэл хажууд байж байдаг юм байна гэдгийг сэрэмжлүүлэхийг зорьсон. Нөгөө талаар үйлчилгээний байгууллага байж үйлчлүүлж байгаад гэмтсэн хүн яасан бол гэж нэг ч удаа санаа зовниж асуухгүйгээр олон нийтийн сүлжээнд яах гэж худлаа мэдээлэл нийтэлж байгаа юм бэ гэх мэтээр надтай харьцсанд эгдүүцэл төрсөн. Өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн гол зорилго минь бусдад сэрэмжлүүлэх явдал байсан. Тэрнээс биш байгууллагын нэр хүндэд халдъя гэсэн санаа агуулаагүй. Бид хүүгийнхээ эмчилгээний зардал гээд мөнгө төгрөг ч нэхээгүй шүү дээ. Гэтэл намайг ор үндэслэлгүй мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар зөрчлийн хуулиар цагдаад өгчихсөн байсан” гэсэн юм.

-“ХҮННҮ МОЛЛ”-ЫНХОН ӨӨРСДИЙГӨӨ БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Бид хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Хүннү молл” худалдааны төвийн холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулахыг зорьсон юм. Тус байгууллагаас мэдээлэл авахаар очиход урьдчилан цаг авч байж ирэх ёстой, үүний дараа дарга удирдлагуудын зөвшөөрлийн дагуу мэдээлэл өгнө гэсэн хариултыг ажилтнууд өгч байв.

Улмаар бид тус байгууллагын менежертэй утсаар холбогдоход биеэр уулзаж мэдээлэл өгөхийг хүссэнгүй “Манайх ямар ч байгууллагад хаана ч мэдээлэл өгөхгүй. Хүүхдийн хуруу гэмтсэн гэх хэрэг маш олон газраар шалгагдаад явж байгаа. Албан ёсны дүгнэлт гараагүй байхад ийм тийм гэж хэлэх боломжгүй. Хүний хуруу тасарсан гэдэг бүртгэл мэдээлэл манайд нэг ширхэг ч байхгүй. Худлаа мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдсан эмэгтэйг хуулийн байгууллагад өгсөн байгаа. Танай хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн байгууллагын хариу, дүгнэлт гараагүй байхад худлаа мэдээлэл нийтлэх нь буруу байх гэж бодож байна. Хэрэв ор үндэсгүй мэдээ мэдээлэл нийтэлж цацсан, тараасан байвал та нарт ч зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэсэн утга бүхий зүйл хэлж утсаа салгасан юм.

Ийм хариулт авсны дараа бид тоглоомын стандарт хэрхэн мөрдөгдөж, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажилладаг талаар сурвалжлах гэсэн боловч мөн л зөвшөөрөл өгөхгүй гэдэг шалтгаанаар хориглож байв. Ямартаа ч мөсөн гулгуурын талбай руу хүүхдүүдийг оруулахын өмнө санамж бүхий хуудсанд гомдолгүй гэх утгатай гарын үсэг зуруулж оруулдаг байна. Насанд хүрээгүй хүүхдийн харгалзагчаар гарын үсэг зуруулдаг бол насанд хүрсэн буюу 16-аас дээш насныхан өөрсдөө гарын үсэг зурчихаад тоглодог ажээ.

Тухайн санамж бүхий хуудаст  “Үйлчлүүлэгч миний бие Хүннү молл ХХК-ийн мөсөх гулгуурын талбайгаар үйлчлүүлэхдээ аюулгүй гулгах зааварчилгаа болон анхааруулга санамжтай бүрэн танилцаж өөрийн аюулгүй байдлыг хангаж үйлчлүүлэх болно. Мөсөн гулгуурын талбай дээр эрүүл мэнд болон эд материалын хохирол үүссэн тохиолдолд миний бие хохирлыг бүрэн хариуцна” гэсэн байдаг аж. Тоглоомын ажилтнуудаас мөсөн гулгуурын талбайд мөрдөгдөх стандарт, нэг хүнд оногдох талбай хэд байх ёстой, хүүхэд том хүн хоёр зэрэгцэн тоглож болдог эсэхийг тодруулахад "Тоглоомын талбайд олон стандарт мөрдөгддөг. Бидэнд хүүхэд тоглож байна, та дараа нь бол гэж эрхийг нь хорих эрх байдаггүй" хэмээн хариулсан юм.

Эднийх дулаахан тохилог байшинд мөсөн гулгуур ажиллуулж Монголдоо цор ганц үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа хүүхэд багачуудын сонирхлыг ихээхэн татдаг. Тоглох гэж яарсан догдолсон хүүхдүүдэд, хүүхдээ тоглуулж баярлуулах гэсэн эцэг эхчүүдэд гарын үсгээ ганц хоёрхон секундын дотор зурах нь асуудал биш. Учир нь эрүүл мэнд, эд материалаа алдах гэж мөсөн гулгуурын талбай руу ордоггүй нь мэдээж. Тиймдээ ч тэд юун дээр гарын үсэг зурж байгаагаа ихэвчлэн анзаардаггүй байна. Гэвч ийнхүү зурсан гарын үсэг эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирсон үйлчлүүлэгчийн эсрэг зогсдогийг хуруугаа гэмтээсэн хүүгийн ээж хэлж байна. Тодруулбал, “Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүүгийнхээ талаар гомдол гаргасан ч, танай нөхөр гомдолгүй гэх гэрээнд гарын үсэг зурсан юм байна” гэх тайлбар хэлж хэргийг төдийлөн хэрэгсэхгүй байгаа аж. Хүүгээ баярлуулах гэж тоглоомын талбай руу оруулахад хэрэг болсон аавын мутраар “гэрээ” гэх халхавч хийж хариуцлагаас мултрах гэсэн арга болгож байгаад хохирогчид гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

MEDEE.MN