​БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэж буй туршлагаас

​БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэж буй туршлагаас

8 сарын өмнө

Хэдхэн жилийн өмнө Бээжин хот дэлхийд агаар, хөрсний бохирдлоороо тэргүүлж байсан бол одоо хамгийн хурдтай агаарын бохирдолтой тэмцэж, жил ирэх тусам агаарын чанар нь сайжирч буй юм.  Энэ нь олон үе шаттай, бодит ажлын үр дүн гэхэд хилсдэхгүй.

БНХАУ-ын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас татгалзан, нар, салхины эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх замаар агаарын бохирдлоо багасгаж байгаа аж. 2017 оны гуравдугаар сард  50 гВт хүчин чадал бүхий эрчим хүч үйлдвэрлэх 103 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох болсон. Том хотуудад түүхий нүүрс түлэхийг хориглож, автомашин нь өндөр чанарын дизель, бензин ашигладаг байх шаардлага тавьж буй бөгөөд 2020 он гэхэд автомашины утаа ялгаруулах стандартыг Европын болон Америкийн компаниудтай ижил стандарттай болгохоор төлөвлөжээ. Мөн иргэдийн өөрсдийн хяналтыг сайжруулж  агаарын бохирдол үүсгэх үйлдэл гаргасан хувь хүн, байгууллагыг мэдээллэх лавлах утас ажиллуулдаг байна.

Мөн агаарын бохирдолтой тэмцэхээр томоохон ногоон байгууламж, барилгын төслүүдийг ч хэрэгжүүлээд байгаа юм.

Дэлхийн хамгийн том агаар шүүгч

БНХАУ-ын агаарын бохирдлын өндөртэй бүс болох Хятад улсын хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотод 100 метрийн өндөртэй агаар цэвэршүүлэгчийг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь дэлхийн хамгийн томд тооцогдох бөгөөд энэ агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирчээ. Мөн энэ агаар цэвэршүүлэгч нь өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар “үйлдвэрлэж” байгаа аж.

Дэлхийн хамгийн том агаар шүүгч байгууламжийн төслийг 2015 онд эхлүүлж 2017 оны сүүлээр баригдаж дуусжээ. Бохир агаарыг сорж авсан цамхаг нарны эрчим хүчээр халаадаг байна. Ингэж халсан агаар цамхгийн дотуур дээш хөөрөхдөө олон давхар шүүлтүүрээр дамжин бохирдлыг шүүж авдаг аж. Эрдэмтэд хотын хэд хэдэн газарт агаарын чанар хэмжигч байрлуулж, туршилтын үр дүнгээ хэмжиж байна. Ингэхэд хамгийн их бохирдолттой үед PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурсан байна.

 Нэг сая ногоон байгууламжтай “Ойн хот”

БНХАУ-ын Байгаль хамгааллын яам 2017 оноос эхлэн Луанси мужийн Люжоу хотод 40 мянган модтой “ойн хот” байгуулж эхэлжээ. Ойн хот нь 100 гаруй төрлийн нэг сая орчим ургамал, 40 мянган модноос бүрдэх юм. Эдгээр ургамал, моддын ачаар жилд 57 тонн хүчилтөрөгч ялгаруулна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй амьтан, ургамлын биологийн төрөл зүйл нэмэгдэх, хөрсний бохирдол бууруулах сайн талтай. Хотын загварыг Стефано Бёри гаргасан бөгөөд тэрээр өмнө нь Наньжин хотод байрлах 350 метр өндөр ойн байгууламжийн загварыг гаргаж байсан аж.

Мэдээж тус хот дан ганц ургамлаас бүрдэхгүй. Олон төрлийн барилга байгууламж, үйлчилгээний байгууллага, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц,бусад хот руу цахилгаан галт тэргээр холбогдсон цогцолбор бүхий хот байх юм. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа хот ойролцоогоор 30 мянга орчим оршин суугчидтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад орох аж.

Эх сурвалж: SouthChina Morning Post, BBC, independent.ie itoim.mn imedee.mn