М.ЭНХБОЛДЫГ ОГЦОРУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

М.ЭНХБОЛДЫГ ОГЦОРУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

5 сарын өмнө

АН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хуралдаж буй юм. Хуралдаан хаалттай болж буй бөгөөд Тусгаар тогтнолын байр руу Бага хурлын гишүүдээс өөр хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Хамгаалалт өндөр байгаа тус хурал ихээхэн ширүүн уур амьсгал дунд өрнөж байна.

МАН-ын Бага хурлаар 60 тэр бумын хэрэг, ЖДҮ-ийн хэргүүд болон УИХ-ын спикерт хариуцлага тооцох нь зөв эсэх талаар халуухан мэтгэлцээн өрнөсөн юм. Хурлын үеэр М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх цаг нь болоогүй байна хэмээсэн ч МАН-ын Бага хурлын гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолоор санал хураасан байна.  Энэ асуудлаар санал хураалт явуулах нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно хэмээн өмнө нь эсэргүүцэж байсан гишүүд хуралдааныг дахин орхиж гарсан ч санал хураалтад нийт 264 гишүүн оролцсоноос 95 орчим хувь нь УИХ-ын даргыг огцруулж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, дэмжжээ. МАН-ын Бага хурал нийт 369 гишүүнтэй юм.

Энэ үеэр УИХ-ын дарга үг хэлсэн байна. Тэрбээр "Би өглөө Бага хурал эхлэхэд өөрийнхөө бодол, байр суурийг та бүхэнд хэлсэн. Сая Удирдах зөвлөлийн хурлын дараа харин ч бүр энэ яригдаад байгаа асуудлуудыг шалгуулах ёстой юм байна, надтай холбож яриад байгаа зүйлүүдийн үнэн худлыг тогтоох ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Би өглөө хэлсэнчлэн өргөдлөө өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ би энд хэдэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр намын Бага хурал, намын удирдлага, УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг ярьж, сүүлийн жилүүдэд нийгэмд болсон муу муухай бүхнийг над руу нааж, нялзаалаа. Одоогоос жил гаруйн өмнө намын Бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Сонгууль амжилтгүй болсонд буруугаа хүлээж, тухайн үед нь хурал дээр ярьж байсан. Гэхдээ өнөөдрийн зарим гишүүдийн ярьж байгаа шиг нөхцөл байдлын талаар хэлэх үг байна. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын талаар 2016 оны зургадугаар сарын 28-аас гурав, дөрөвхөн хоногийн өмнө дам мэдээ сонсч, ОХУ-д ажиллаж байсан Элчин сайд Л.Хангайг дуудаж энэ талаар ямар нэг зүйл мэдэж байсан эсэх, судалж өгөөч гэж ажиллуулж, тодорхой мэдээлэл байхгүй ч тийм зүйл яригдсан байхыг үгүйсгэхгүй юм байна гэдгийг надад хэлж байсан.  Тухайн үеийн намын штаб дээр ажиллаж байсан хүмүүст энэ тухай хэлж, ярилцаж байсан. Ингээд зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны ажил дууссан үед мэдээлэл хийж болохгүй байсан учраас штабт ажиллаж байсан С.Батболд гишүүнээр “МАН сонгуульд ялах юм бол "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгаж,  хууль номын дагуу  тодорхой арга хэмжээ авна" гэх мэдэгдлийг хийлгэж байсан. Дараа нь Ц.Нямдорж дарга ажлын хэсэг байгуулж, шалгасан. Ажлын хэсгийн дүнг сонсоод УИХ -аас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах, хувьчилж авсан этгээдүүдтэй хэлэлцээ хийх талаар УИХ-ын тогтоол гарсныг би дэмжиж байсан. Өнөөдөр  "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалд намайг, манай намын нөхдийг оролцоотой мэт  ярьж байгааг би хүлээж авах боломжгүй. Бодит үнэн ийм байсан. Мөн Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын тухай асуудал намайг Ерөнхий сайд болохоос өмнө шийдэгдсэн, би ямар нэг оролцоо байхгүй" гэж байр сууриа илэрхийлжээ.

Яг одоо буюу 00:30 цагт МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурал МАН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Ийнхүү МАН-ын Бага хурлыг гишүүд олон сарын турш сошельд болон нийгэмд гол сэдэв болоод байсан М.Энхболдыг огцоруулах эсэх асуудалд түүнийг огцоруулах нь зөв хэмээх улс төрийн шийдвэрийг гаргалаа.

Н.Найдан

assa.mn