АТГ-аас Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ

АТГ-аас Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ

5 сарын өмнө

Өчигдөр АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг дуудаж мэдүүлэг авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнийг дуудаж байцаалт авсан аж. Тэднээс мэдүүлэг авсан шалтгаан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нь холбоотой бололтой.

ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэг үүсгэж АТГ руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас эрчимтэй шалгаж буй.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэр болон эхнэр, дүү, хамаатан садан зэргийг дуудаж байцаалт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэр, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар,  Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан” зэрэг компанийн захирал, УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүдийн найз нөхөд, хамаатан садныг ч дуудан мэдүүлэг авч шалгаж буй.

АТГ-аас дээрх гишүүдийн өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь компанийг шалгахдаа  ЖДҮХС-аас зээл авахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэх, үнэхээр зээл авах шаардлагатай болон зээлийн шалгуурт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нь шалгаж тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдэг.

Харин өнгөрсөн долоо хоногоос УИХ-ын гишүүдийг өөрсдийг нь дуудаж мэдүүлэг авч эхэлсэн байна.

ХЭН, ХЭН ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСНЫГ ЭРГЭН САНУУЛАХАД

Нотлох баримтаар ил болсон мэдээллээр:

1. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,

2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,

3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,

4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,

5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,

6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,

7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,

8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,

9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,

10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан Мийт экспорт интернэшнл ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,

11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөг

12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг Мондем ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээлийг тус, тус авсан байна.


БУСАД ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД

1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,

2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг.

3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг.

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг.

5.   ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг.

6.  Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг.

7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум.

8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-7-9 нд эл албанд томилогдсон) Ш.Хонгорзулын Хосбогд Агро компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг.

9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016 оны 09 сарын 29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг.

10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал Бат ган агро ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийг тус, тус зээлсэн нь нотлох баримтаар ил болоод байна.  

Эх сурвалж: Шилэн данс, ХОМ, Burtgel.mn


ПРОКУРОРООС ДАХИН НЭГ ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХҮСЭЛТИЙГ
УИХ-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

Эрхлэх асуудлынхаа хүрээнд алдаа гаргаж, ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд болон өөрийн эхнэрийн компанид зээл олгосон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдаас нь огцруулаад өнгөрөх бус УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж шалгах шаардлагатай гэсэн асуудлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулж ирсэн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ёс зүйн хариуцлага хүлээсэн ч хуулийн хариуцлагаас ийнхүү мултарч чадсан юм.

ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэж, Прокуророос Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг эргүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлэх гэж байгаад хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлснээр уг асуудал түр намжсан. Тэгвэл дээрх гурван гишүүн дээр дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг прокуророос УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Дээрх дөрвөн гишүүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Ерөнхий прокурорын Б.Энх-Амгалан “Дөрвөн гишүүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдсэн билээ.

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг шалгах ажил улам эрчимжиж байна.

Т.ХУЛАН

MEDEE.MN