“Галын фронт” дээр хуралдах МАН-ын Бага хурлын эргэн тойронд

“Галын фронт” дээр хуралдах МАН-ын Бага хурлын эргэн тойронд

5 сарын өмнө

Өнөөдөр МАН-ын Бага хурал  хуралдана.  Эрх барьж буй улс төрийн хүчин гэдэг утгаараа анхаарал татахаасаа илүүтэй улс төрд үүссэн хямралт байдлаа энэ нам хэрхэн шийдэх бол гэдэгт олон нийт  түлхүү хараачилж  байгаа байх.

Цагийн сайхан, цай будааны элбэгт  улс төрийн хамгийн тулхтай хүчин гэж нэрлэгдэж явсан МАН төрийн эрхийг үнэмлэхүй олонхиороо барьж буй энэ үедээ барьц алдаж,  байдгаа дэлгэж байгаа нь бодит үнэн.

Намын дарга У.Хүрэлсүх  намдаа цэвэрлэгээ хийх тухай хууль тогтоогчдын улаан нүүр рүү харж суугаад мэдэгдсэн болохоор  энэ гэнэт товлосон Бага хурлын цаад зорилго нь энэ цэвэрлэгээтэй далан шижмээр холбогдоно гэсэн  таамаглал хөвөрч байна. Тэр ч үнэн байх.

МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй,  экс болон эдүгээгийн намын дарга нарын бүлэглэлийн  хүчний хуваарилалт  энд хэрхэн яаж суусныг хэлэхэд бэрх. Гэхдээ төлөөлөгч нарын чиг хандлагыг өнөөгийн улс төрийн нөхцөл байдал илүү урвуулж хөрвүүлж мэднэ.

Бага хурлыг гэнэт хугацаа шахаж товлосон нь учиртай. Бага хурлаар дамжуулж өнөөгийн улс төрийн гацааг  арилгах арга замаа хайх нь гарцаагүй тулгамдсан асуудал  болсон.

МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй, экс болон эдүгээгийн намын дарга нарын бүлэглэлийн хүчний хуваарилалт энд хэрхэн яаж суусныг хэлэхэд бэрх. Гэхдээ төлөөлөгч нарын чиг хандлагыг өнөөгийн улс төрийн нөхцөл байдал илүү урвуулж хөрвүүлж мэднэ.

Тогоон дотроо юугаа ярьж,  яаж  тонгочих нь тэдний хэрэг.  Харин Бага хурлын маргашгүй нэг зорилго нь намын дарга өөрийн улс төрийн акциуд,  үйл явцыг хөнгөвчлөх түргэтгэхэд  намын нөхдөөсөө дэмжлэг хүсэх явдал байж таарна.  Хэлэлцэх асуудал ч ерөнхий зорилгоороо энэ хүрээнд л илүүтэй эргэлдэх биз ээ.

Урьдчилан дуулдаж байгаагаар энэ Бага хурал улс төрийн болон сонгуульт ажилд томилогдсон Бага хурлын гишүүдийг нөхөн томилох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр товлосон гэж байна. Олонд тодорхой байгаагаар  Улаанбаатар хотын Захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн С.Батболдыг  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасч, түүний оронд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг оруулж ирэхээр байгаа.

Түүнчлэн иргэдийн дунд байгаа хүлээлттэй холбоотойгоор  намын удирдах албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд ч хариуцлага тооцож, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээс чөлөөлөх, сэлгэх асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн  мэдээлэл бий. Хариуцлага тооцно гэдэг намаа цэвэрлэж буй нэг хэлбэр мөнөөс мөн.

Мөн Бага хурлын үеэр МАН-ын Ёс зүйн хорооноос нэр бүхий хэд хэдэн хүнийг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг оруулах чигтэй байгаа гэсэн тодорхойгүй эх сурвалжийн мэдээлэл бий. Намын гишүүнээс түдгэлзүүлэх хүмүүсийн нэрийг Бага хурлын  төлөөлөгчдийн санал хураалтаар шийдэхээр төлөвлөсөн  гэжээ.

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо  урьд нь намын нэр бүхий 6 гишүүнийг  намаас хөөх тухай шийдвэр гаргаад  эргээд цуцалсан удаа бий. Тэгвэл одоо энэ асуудал  Ёс зүйн хороогоор дамжин Бага хуралд өргөн баригдаж болзошгүй байна.  Гэхдээ намын дүрмэнд Хяналтын ерөнхий хороо асуудлыг санаачилж, шууд намаас гаргах заалт байхгүй. Тухайн гишүүнийг бүртгэсэн намын байгууллагын эрх мэдлийн асуудал байхаар дүрэмд тусгасан байдаг аж.  Өөрөөр хэлбэл намын анхан шатны байгууллагад ийм эрх нь бий.

Өөр нэг зүйл гэвэл өдгөө 10 орчим гишүүнийг намаас хөөх тухай яригдаж магадгүй гэх мэдээлэл байна. Хэрэв тийм бол өмнөх 6 дээр 4-5 хүн нэмэгдэнэ.  Энэ хар жагсаалтад шинээр орж ирэх нь хэн байх вэ гэсэн асуулт олны сониуч занг хөдөлгөж буй. Тэгвэл хамгийн эхний хувилбараар ЖДҮ-чин гишүүд байх магадлал өндөр байж мэдэх юм. Гэтэл бас мөнөөх 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүс нэмэгдэнэ гэсэн мэдээлэл бас байна.

Ямартай ч эрх баригч намынхан “галын фронт” дээр  Бага хурлаа хийж байна. Хагарсан эвээ гагнаж, сарнисан төрөө зангидаж чадах эсэхээ энэ хурлаар  харуулах байх. Эс чадвал талцалыг гүнзгийрүүлж, төрийн хоёр институци бие биеэ “барьж идэх”  зөрчилдөөний галыг нэгмөсөн дэвэргэнэ.

Товчхондоо энэ Бага хурал МАН эрх баригч хүчин гэдэг утгаараа оршин тогтнох уу, эс орших уу гэдэгт  хариу өгнө.

Г.Хантулга

ZALUU.COM