Нийслэлийн Прокурорын мэдэгдэл МАНАН-г түргэн авахууллаа

Нийслэлийн Прокурорын мэдэгдэл МАНАН-г түргэн авахууллаа

10 сарын өмнө

Нийслэлийн Ерөнхий проукрор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай “60 тэрбумын асуудал бол эвлүүлэг биш, бодит яриа” гэсэн /2018.12.10/ утга бүхий тайлбар өгч, хэргийг дахин шалгаж байгааг дуулгасан нь МАНАН бүлэглэлд томоохон цочоо өглөө.  МАНАН мухардалд орж, хөгшин залуугүй уучлал эрэх, эвлэрэх, зөвшилцөх тухай ярьж, Төрийн ордны булан тохой гээд хаа сайгүй мэдээлэл хийх болжээ.

Шахаанд орсон М.Энхболдын арга барагдаж, УИХ-ын чуулганы хуралдаан даргалах эрхийг Дэд дарга Л.Энх-Амгаланд /2018.12.15/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны шийдвэр гартал шилжүүллээ. Үүнтэй зуузай холбон "МАН-ын бүлгээс найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан, тэр нь намд үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргах, намын хагарлыг нэгтгэх зорилготой" хэмээн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд мэдээлэл хийлээ. Харин энэ ажлын хэсэгт нь МАНАН-гийн төлөөллүүд байгаа болохоос биш шударга үнэний талд зогсож байгаа гишүүдээс нэг нь ч ороогүй байх.

Гэтэл МАНАН-гийн өсөх ирээдүйтэй залуу гишүүн Н.Номтойбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудлаар халхавч хийж байгаад шударга ёсны төлөө явж байгаа гишүүдтэй тохиролцохыг хүсч байгаагаа шууд бус утгаар хэлчихлээ. Тэрбээр “ЖДҮ-тэй холбоотой түр хороо байгуулах асуудал хүлээгдэж байна. Одоо бид зүгээр л хуулиа хэрэгжүүлье. МАН дотор зөвлөлдөх ажлын хэсэг байгуулсан, тэр ажлын хэсэг нь намын даргаа гадаадаас ирэхээр нь ярилцахаар хүлээж байгаа” хэмээн найр тавьжээ /2018.12.15/. Уг нь их л омголон байдаг сан, тэр нь лав унтарч.

Мөн нөгөө талаас МАНАН-г командлагчдын нэг гэгддэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2018.12.13-ны өдөр“MNC” телевизийн ярилцлагад орохдоо “Одоо бие биенийгээ уучлаад, цааш явах хэрэгтэй” хэмээн баахан үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх тухай үлгэрээр үзэгч, сонсогчдыг залхаав. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллахдаа хийх байтугай дурсаа ч үгүй байж үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьж, уучлал эрж байгаагийн цаана юу байна вэ? “Бие биенээ уучлах” гэдэг үг шууд утгаараа МАНАН сарниж байгааг харуулав бус уу.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Ганболд нар 2018.12.13-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдээлэв. Д.Оюунхорол гишүүн энэ үеэр “Уг нь бидэнд ярилцвал ойлголцохгүй зүйл байхгүй. УИХ-ын даргыг зөөлчлөөд байгаа юм шиг хандаж байна. УИХ-ын даргын сандлыг аливаа гэмт хэрэг, асуудлаа хаацайлах зөөлөн сэнтий гэж хараад байх шиг байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн энэ үеэр Л.Энх-Амгалан “МАН-ын бүлгийн гишүүд хоёр хэсэг болж хуваагдан талцаад байгаа нь хэний ч өмнө ил болсон. Тиймээс хоёр хэсэг болоод буй хэсгүүдээс дөрөв, дөрвөн гишүүн төлөөлөл болон гурван удаа уулзаж, зөвшилцөөд байна. Одоогоор тийм, ийм үр дүнд хүрлээ гэж хэлэх боломжгүй байна” гэлээ. Аядуу зөөлөн хүн гэж тэд УИХ-ын даргыгаа дахин өмөөрөв. Аядуу зөөлөн гэдэг "жүжиг"-т ард түмэн одоо хууртахаа больсон шүү дээ.

Ерөөсөө шударга ёсны төлөө улстөрчид төдийгүй ард иргэд нийтээрээ нэгдмэл санаанд хүрчихлээ, тэгэхээр тэдний эцсийн арга, сүүлчийн сум нь “эвлэрэх”, “уучлах”, “ойлголцох”, “зөвшилцөх” болж байх шиг.

Хэрвээ М.Энхболд огцорлоо бол МАНАН элгээрээ хэвтэнэ. М.Энхболдыг дагаж, АТГ-ын даргаас эхлээд хууль хүчний олон дарга даамлууд унана. Тэгэхээр МАНАН-г командлагч М.Энхболд өөрөө болон Ц.Элбэгдорж нарын олон жил өдүүлсэн луйврууд шалгагдана. Н.Номтойбаяр тэргүүтэй МАНАН-гийн залуусын олон хууль бус үйлдэл шалгагдана гээд асуудлууд бий. Үүнийг мэдсэн МАНАН-гийн гишүүд эвлэрэх, уучлах нэрээр эерэг тал руу эргүүлэх оролдлого хийж байгаа нь энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд ил тод харагдаад өнгөрлөө.

С.Ууганбаяр

www.zindaa.mn