Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав

Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав

6 сарын өмнө

-ЯАРАЛТАЙ ТОГ БАРИГЧ ХЭРЭГЛЭСЭН Ч ОРОЙТСОН БАЙЖЭЭ-

Энэ сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлгийн хүүхдийн тасагт тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад байсан гурван сартай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийн талаар тодруулбал, Бигэр сумын эмнэлэгт тухайн өглөөний 08:55 цагт гурван сартай эмэгтэй хүүхэд биеийн байдал маш хүнд буюу өндөр халуурсан шинжтэй яаралтай иржээ. Тухайн эмнэлгийн эмч нар хүүхдийг хүлээн авч үзэхэд урьдчилсан байдлаар менингитийн халдварын улмаас өндөр халуурч, биеэр нь тууралт өгсөн байсан аж. Гэвч хүүхдийн эмч нар эмнэлэгт лаборатори байхгүйн улмаас нарийн шинжилгээ авч чадаагүй гэв.

Харин талийгаач охины эмнэлэгт очсон өдөр нь гурван сартайн вакцин хийлгэх товлолт өдөр байсан тул эмч нар саагийн гуравдугаар тун, таван вакцины хоёрдугаар тун хийсэн байна. Эхний вакциныг аманд дусааж хийх үеэр ямар нэгэн хариу хүндрэл илрээгүй бөгөөд хоёр дахь вакциныг тарьсны дараа зовиур илэрч эхэлжээ. Талийгаач охины биеэр туурсан тууралт ихсэж, уйлагнаж, толгой дээр нь хүртэл хүрэн улаан өнгийн тууралт гарч эхэлсэн талаар охины эцэг эх хэлж байна.

Хүүхдийн биеийн байдлаас хамаарч эмч нар хүчил төрөгч яаралтай залгасан боловч удалгүй тог тасарч, аппарат салах үеэр охин амьсгал хураажээ. Эмнэлгийн зүгээс сэхээн амьдруулахын тасагт яаралтай тог баригчийг залгасан ч охин хэдийнээ амьсгаагүй болсон байсан бөгөөд хүчилтөрөгчийн аппарат залгахад оройтсон байсан тухай эмнэлэгийн ажилтан хэлж байна. Ийнхүү хорвоод мэндлээд гуравхан сар болсон бяцхан охин өдрийн 10:40 цагт амьсгал хураасан гэлээ.

Энэхүү хэргийн учрыг тайлахаар Говь-Алтай аймгаас ажлын хэсэг Бигэр суманд ажиллаж байгаа бөгөөд нас барсан талийгаач охиноос шээс, өтгөний шинжилгээ авч, задлан шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу 7-21 хоногийн дараа  гарч, охины нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдох юм.

Энэ хэргийн талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас талийгаач охин тог тасарснаас болж нас бараагүй, ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй хэмээн мэдээлэл өгсөн юм.

Бид хэргийн талаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлгийн талийгаач охинд эмчилгээ хийсэн эмч н.Сайнжаргалаас тодрууллаа.

-ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ АМЖААГҮЙ, ХҮЧИЛТӨРӨГЧ ЗАЛГАЖ
БАЙХ ҮЕЭР НАС БАРСАН-

-Тухайн өдөр талийгаач хүүхэд ямар шинж тэмдэгтэй ирсэн бэ?

-Талийгаач хүүхэд өглөө найман цагт биеийн байдал маш муу ирсэн. Эцэг эх хоёр нь өөрсдөө биеэр нь тууралт өгсөн байсныг ч мэдээгүй ирсэн байсан. Урьдчилсан байдлаар менингетийн халдварын хам шинж байж болзошгүй гэж оношилсон. Нарийн шинжилгээ авч чадаагүй, эмчилгээ хийж амжаагүй хүчилтөрөгч залгаж байх үеэр нас барсан. Эмнэлгийн тог тасарсантай ямар ч холбоогүй. Тог тасрах үеэр нас барсан байсан ч бид тог баригч тэр даруй залгасан. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас авах боломжтой. Мөн 7-21 хоногийн дараа задлан шинжилгээний хариу гарна тэгэхээр нь  мэдээлэл өгөх боломжтой гэв.

-МИНИЙ ОХИН НАС БАРАХЫНХАА ӨМНӨ ХӨӨРХӨН ИНЭЭЖ БАЙСАН-

Энэ талаар талийгаач охины аав хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ:

“Манайх дөрвөн хүүхэдтэй болчихоод ээж нь алдарт эхийн одон зүүх гэж байсан юм. Том нь 12 настай, дундах нь ес болон зургаан настай. Хамгийн бага нь гурван сар хүрчихсэн, хүний хайрыг булаасан хөөрхөн охин болж байсан юм. Би бол энэ хэргийг вакцинтай л холбоотой гэж бодож байгаа. Учир нь хүүхэд вакцин хийлгэхээр ором нь аажмаар дугуйрч улайдаг. Гэтэл охинд минь хийсэн вакцины зүүний ором орчмоос эхлээд хар хүрэн өнгийн толбо бий болсон. Хүн цохичихсон юм шиг толбо толгойн оройноос эхлээд бүх биеэр нь туурсан. Тарианы зүү орсон хэсгээс эхлээд ар нуруу, хөл, толгойн орой зэрэг бүх газруудад нь хүрэн толбо үүссэн. Бас нүдний зовхины дотор тал нь цав цагаан болчихсон. Аймгаас шинжилгээний баг ирээд охиныг минь шууд задланд оруулсан. Тэгээд шижилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна гэж хэлээд л явчихдаг юм билээ. Уг нь манай охин цоо эрүүл, ямар нэгэн сульдаа, өвчинтэй байгаагүй шүү дээ” гэжээ.

У.УРАНЦЭЦЭГ

MEDEE.MN