ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛДЫН ХҮСЭЛТЭЭР ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР БОЛОХ 41 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ЧӨЛӨӨЛСӨН АЛБАН БИЧИГ ИЛ БОЛЖЭЭ

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛДЫН ХҮСЭЛТЭЭР ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР БОЛОХ 41 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ЧӨЛӨӨЛСӨН АЛБАН БИЧИГ ИЛ БОЛЖЭЭ

10 сарын өмнө

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг яамныхаа үүдэнд зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Тодруулбал, иргэн Г.Оюун "Нөхөр бид хоёр Энэтхэгт ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь олон асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Эмчилгээний зардалгүй болоод хандивын аян өрнүүлсэн. Намайг Элчин сайд Г.Ганболд цээж, ходоод, савны тус газар руу өшиглөсөн. Бид яах ёстой вэ. Хэрэг гарах үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн" хэмээн ярьсан бичлэгээ үлдээсэн юм.

Харин Элчин сайд Г.Ганболд “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. Б.Батчулуун "BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн.

...Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрбээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн. Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, "хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан" гэх зэргээр бухимдан орилж байсан болно” хэмээн албан ёсны тайлбар өгсөн.

Тэгвэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд Энэтхэгийн “BLK” эмнэлэгт албан хүсэлт тавьж, Г.Оюуны охины эмчилгээний зардал болох 41.000 ам.долларыг чөлөөлсөн болохыг гэрчлэх албан бичиг ил болжээ.