​О.Чимэдсүрэн: Утааг яаралтай багасгахгүй бол ирэх 10 жилд 5200-14000 хүн амиа алдах эрсдэл хүлээж байна

​О.Чимэдсүрэн: Утааг яаралтай багасгахгүй бол ирэх 10 жилд 5200-14000 хүн амиа алдах эрсдэл хүлээж байна

12 сарын өмнө

Монголын Анагаах ухааны академийн гишүүн, АШУҮИС-ийн профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.  

Тэрээр эрүүл мэндийн салбарын судалгаа, сургалтын чиглэлээр ажилладаг бөгөөд агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн талаар сүүлийн 10 жил олон улсын болон үндэсний судалгааны багтай хамтран судалгаа хийжээ.  Профессор О.Чимэдсүрэн Солонгосын Ионсйен их сургууль, Израйлын Хебру НЭМС, АНУ-ын Жонс Хопкинс, Блуумбэргийн НЭМС, АНУ-ын Калифорни их сургуульд мэргэжлийн чиглэлээр, Английн “London School of Hygeine &Tropical Medicine” сургуульд пост докторын сургалтанд сурч мэргэшсэн байна.          

Тэрээр агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар АНУ-ын Берекли дэхь Калифорнийн их сургуулийн профессор, Нобелийн энх тайвны шагналт Керк Смит, профессор Эдуард Руфүс, Канадын Саймон Фрезерийн их сургуулийн профессор Раян Аллен, Тайваний Үндэсний их сургуулийн профессор C.C Чан, Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Киунг Ёнг Ли нартай хамтран судалгаа хийжээ. Эдүгээ АШУҮИС-ийн Эрдмийн сургуульд Олон улсын сайбер онлайн магистрын сургалтыг хариуцан ажиллаж байна.  

1952 оны Лондон хоттой 2018 оны Улаанбаатар яг адилхан байна

-Сайн байна уу. Судлаач хүний хувьд өнөөдрийн Улаанбаатарын утаа ямар төвшинд байна гэж тодорхойлох вэ?    

SMOKE +FOG = SMOG БУЮУ  УТАА + МАНАН УТААТ МАНАН БУЮУ УГААР

-Агаарын бохирдлын тухай ярихад хамгийн түрүүнд 1952 оны “London smog”-ийн түүх санаанд буудаг. 1952 оны 12 сарын 5-9 өдрүүдэд  Английн Лондон хотыг  5 өдрийн турш утаа, манан холилдон бүрхсэнээс маш олон хүн, амьтан хордон амь насаа алдсан. Түүхэнд тэмдэглэсэнээр энэ өдрүүдэд 4000-12.000 хүн нас барж, 150.000 хүн эмнэлэгт хэвтэж, 1000 гаруй мал хорогдсон байдаг. Хорт утааны гол шалтгаан нь айл өрх, үйлдвэрүүдийн хэрэглээний түүхий нүүрсний дутуу шаталтаас үүссэн хүхрийн давхар исэл, нарийн ширхэгт тоосонцор –PM2.5 нь манантай холилдон, шар өнгөтэй утаат манан үүсэн 12000 хүний амийг хөнөөсөн. Энэ үед Англи, Лондончуудын эдийн засаг, амьдрал ахуй туйлын ядуу байсан.

1952 оны Лондон хоттой 2018 оны Улаанбаатар яг адилхан байна. Улаанбаатарын агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь гэр хороолол, цахилгаан станц, бага оврын уурын зууханд шатааж буй түүхий нүүрс. Яг Лондонгийн утааны эх үүсвэр нь түүхий нүүрс байсантай адил байна.

Лондон хот утаанаас салсан нь ухаалаг парламент гаргасан шийдвэрээ хэрэгжүүлсэнтэй холбоотой

-1952 онд Лондон хотод болсон их гамшгийн дараа эрх баригчид ямар шийдэл гаргаж утаанаас салсан юм бэ. Тэдний туршлагаас хэрэгжүүлж болох уу?

-Энэ гамшиг, аймшигт үхлийн дараа Британы Парламент 1956-1968 онуудад “Цэвэр агаар” бодлого буюу гэр, үйлдвэрүүдийн халаалтанд түүхий нүүрс хэрэглэхийг хорьсон хоёр том бодлогын шийдвэр гаргасан. 1958 онд утаагүй бүсийг тогтоон энэ бүсд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоосноор хотын агаарын чанар эрс сайжирсан. Дараа нь 1968 онд үйлдвэрүүдэд анхаарч янданг өндөрлөх, үйлдвэрийг хотоос гаргах ажлууд үе шаттай хийсэн юм.

Өөрөөр хэлбэл, 1958-1968 онуудад Британы Парламент гаргасан шийдвэрээ хэрэгжүүлсэн болохоор тэд утаанаас салж чадсан. Энэ бол бодит түүх Лондон хот утаагүй болоход  10 жилийг зарцуулжээ. 10 жил бол бас багагүй хугацаа байгаа биз. Английн Парламент энэ үед олон улсын судлаачид, эрдэмтдийн багтай хамтран ажилласан байдаг. Утааг арилгахад ухаалаг төрийн хууль, зарчим, шийдвэр үйлчилсэн юм. Улс орнууд ингэж л ажилладаг байна. Бидэнд шинэ санаа, нээлт хэрэггүй Лондогийн сайн туршлагаар түүхий нүүрсээ зогсоох л бодлогын шийдвэр, түүний хэрэгжүүлэх  удирдлагын баг, хэрэгжүүлэгч нар дутаад байна.

Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”, “Цэвэр агаар сан” гээд сүртэй нэртэй олон шийдвэр гарсан ч үр дүн нь маш муу, ерөнхийдөө 10 жил энэ хэвээрээ эргэлдэж байна.

Хөтөлбөр, журам, дүрэм гараад эндээс дорвитой үр дүн гарахгүй буюу шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдахгүй бол гаргасан бодлого, хэрэгжүүлж буй арга болохгүй байна. Аргаа өөрчил, өөр шийдэл гарга гэсэн үг. Энгийнээр хэлэхэд, манай удирдагч, бодлого гаргагч нар автобусны яндан, гэрийн янданд шүүлтүүр тавина, эсвэл бүрэн шатаадаг зуух хийж айлуудад өгнө гээд шүүлтүүр, зуухны бизнес эрхлэгчид болоод байна. Энэ бол аймшигтай, маш муухай, бохир, утгагүй, хэлэхэд ичмээр шийдвэр. Би хийж байгаа ажлууд тухайлбал, цахилгааны хөнгөлөлт, орон сууцжуулах, бага оврын уурын зуухны тоог цөөлөх ажлыг үгүйсгээгүй, хийж хэрэгжүүлж байгаа ажил нь өөрчлөлт тун бага, үр дүнгүй байгааг л шүүмжилж байгаа юм.

Эрдэмтнийхээ хувьд олон улсын шинжээчид, өөрийн орны мэргэжлийн судлаачидтай хамтран “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө”-ний судалгаа хийн үр дүн,  бодлогын шийдлийн  талаарх саналаа Монголын төр засагт өгсөн. Тэдэнд түүнийг авч ашиглах ухаан, сэтгэл, чадвар дутаад байна.  Яг энэ байдлаар үргэлжилбэл утаанаас салах найдвар харагдахгүй байна. Үнэхээр харамсалтай байна. Удирдагч нарт маань утаанаас салах ухаан хайрла гэж ёжломоор санагдах юм.

Агаарын бохирдлоос болж жилд 110-150 орчим хүүхэд уушгины хатгалгаагаар, зүрх судасны эмгэгээр 1250 насанд хүрэгсэд нас барж байна 

-“Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө”-ний талаарх олон судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?  

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй талаар шинжлэх ухааны хангалттай нотолгоо, судалгаа бийДутуу шаталтаар үүсдэг, эрүүл мэндэд гол аюул учруулдаг агаарыг бохирдуулагч нь нарийн ширхэгт тоосонцор (PM2.5),  хүхэрлэг хий, хүхрийн давхар исэл, угаарын хий, азотын давхар исэл, мөн хүнд металл, бусад хорт нэгдлүүд юм. Эдгээрийн эрүүл мэндийн нөлөөллийн талаар бүр эртнээс олон судалгаа хийсэн. Эрүүл мэндэд хурцаас архаг нөлөөгөөр өвчлөх  бүр үхэлд хүргэдэгийг аль хэдийн тогтоосон. Монголын судлаачид, тухайлбал АШУҮИС-ийн НЭМС, АУС, мөн НЭМҮТ, ЭХЭМҮТ, ШУТИС гээд ер нь олон судалгааны баг, судлаачид агаарын бохирдлын талаар нэлээд судалгаа хийсэн, одоо ч хийгдэж байна.

Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар хийгдсэн 4 томоохон судалгааны үр дүн бий. Тэдгээрээс эхнийхийг нь энд танилцуулъя. Энэ нь миний өөрөө удирдсан болон хамтран хийсэн судалгаанууд байгаа.

"Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл" судалгааг Беркелей дэх Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит, Ирвин дэх Калифорнийн их сургуулийн профессор Руфус Эдвардс, Сайнт Луйс дэх Вашингтоны их сургуулийн профессор Жэй Турнер нартай хамтран  2012 -2014 онд хийсэн. Профессор Кирк Смит бол агаарын бохирдлын чиглэлээр ажилладаг дэлхийн хэмжээний шинжээч, эрдэмтэн бөгөөд энэ чиглэлээрээ Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн хүн. Энэ хүнтэй хамтран ажилласан нь миний болоод багийн маань хувьд маш том боломж, нэр төрийн хэрэг байлаа. Энэ судалгаанд Монгол талаас миний бие үндсэн судлаачаар (PI- principle investigator) ажилласан. Судалгааны үр дүнгээ бид PLOS ONE” олон улсын сэтгүүлд Health impacts of energy policy pathways in Ulaanbaatar Mongolia” гэсэн нэртэйгээр хэвлүүлсэн.    

Энэхүү судалгаагаар бид Улаанбаатарын нийт хүн амын шилжилт хөдөлгөөн, өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, эрүүл мэндийн байдал, нийслэлийн гадаад болон дотоод орчны бохирдлын 2014-2024 оны төлвийг харуулсан гэх мэт олон төрлийн мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэн, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулан үнэлсэн.   Судалгаагаар дараах үр дүн гарсан. Үүнд:

  1. Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэгт тоосонцороос (PM2.5) үүдсэн өвчлөл, нас баралт нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 110-150 орчим тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны эмгэг (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1250 тохиолдол) зэрэг нь агаарын бохирдлын шалтгаант байна.
  2. Бидний тооцооллоор 2014 оны байдлаар PM2.5 нөлөөллөөс 0-5 хүртэлх хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар (ALRI), насанд хүрэгчдийн хувьд 19 хувь уушгины  архаг бөглөрөл (COPD), 27 хувь нь зүрхний шигдээс (IHD), 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт эзэлж байна. 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хүн амын нийт нас баралтын 10 орчим  (нийт нас баралтын) зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна гэсэн тооцоо гарсан. 2009 онд Канадын Саймон Фрезерийн багтай хамтран хийсэн тооцооллоор 650-700 орчим нас баралтын тохиолдол байсан бол 1400 болж 5 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байна.    
  3. Attributable DALY- өвчний улмаас амьдралаас алдсан жил (ӨААЖ)– ийг бид тооцож гаргахад агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хэмжээнд 1400 орчим хүн нас барж байгаа нь 40.000 жилийг (ӨААЖ буюу Attributable DALYалдаж байв.
  4. Судалгааны багийн дүгнэлтээр,  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авалгүй одоогийн байдлаар үргэлжлүүлбэл 2017-2024 оны хооронд цаг бус, эрт нас баралтын тоо энэ хугацаанд 5200-14000 болох тооцоо гарсан.
  5. Бид агаарын бохирдлыг бууруулах 2 төрлийн шийдэл  (2024 BAU, 2024 pathway 1, 2024 pathway 2)-ээр эрүүл мэндийн нөлөөллийн тооцоолол хийсэн. Энэ судалгааны дүнг харгалзан Монгол улсын Засгийн газраас цогц, эрс шийдэмгий арга хэмжээг буюу түүхий нүүрсний хэрэглээг яаралтай зогсоохыг судалгааны багаас зөвлөн БОНХЯ, ЭМЯ болон холбогдох талуудад хүргэсэн.

О.Чимэдсүрэн профессорын агаарын бохирдлын чиглэлээр хийж олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн гурван томоохон судалгааны үр дүнг цувралаар хүргэх болно. 

ITOIM.MN