"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв

“Шангри-Ла” зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв

6 сарын өмнө

-ХЭРГИЙГ ГАЗАРТ ЗУРАГ АВСАН СЭТГҮҮЛЧИЙГ ХАМГААЛТЫНХАН СААТУУЛЖЭЭ-

Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. АНУ-ын иргэн амь насаа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн аж. АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт “Шангри-Ла” зочид буудалд бууснаас хойш арван цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй. Харин хэрэг гарсан өглөө үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орсноор мэдэж, дуудлага мэдээлэл цагдаад өгсөн байдаг.

Талийгаач зочид буудлын өрөөний ханын шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээрээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтай байсан гэх. Уг хэргийн газарт Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цагдаа нарыг хэргийн газарт үзлэг хийх үеэр хамт байсан учраас талийгаачийг АНУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн таамаг өрнөөд буй.

Мөн хэргийн газрын үзлэгээр  зочид буудлын өрөөнөөс шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө орсон. Ингээд өрөөнөөсөө огт гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй” гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.

Талийгаачийн цогцосыг буудлаас гаргах үед "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч очиж зураг авсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчийг тус буудлын хамгаалалтын ажилтнууд саатуулан, биед нь үзлэг хийж улмаар утсан дээрх зургийг нь устгаж танхайрсан гэлээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцосыг шүүх эмнэлгийн шинжилгээний хүрээлэн рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газрынхан АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт Монголд ямар ажлаар ирсэн, ирээд ямар хүмүүстэй холбоо барьсан, түүний сэтгэл санаа ямар байсан зэргийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор манай улсад суугаа АНУ- ын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг гардан хийж байгаа юм. Харин энэ талаар "Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

У.УРАНЦЭЦЭГ

MEDEE.MN