Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ

Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ

10 сарын өмнө

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үер Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шударга үнэний дуу хоолой болсон Т.Аюурсайхан гишүүн ээ,тэр хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг алтны компанийнхаа асуудлыг цэгцлээрэй” гэж хэлсэн нь анхаарал татсан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэний хэлсэнчлэн,Т.Аюурсайхан гишүүн үнэхээр алтны уурхайтай юу. Тус компани нь Т.Аюурсайхан гишүүнтэй холбоотой эсэх асуудлаар бид  тал талын байр суурийг бэлтгэн хүргэж байна.

-“МИНИЙ АРД МАНАЙ АХ Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН БАЙГАА” ГЭЖ
НУТГИЙН ИРГЭДЭД ХЭЛЖЭЭ-

Бичлэгийнхээ эхэнд тодотгоход, Э.Бямбасүх захиралтай “ЭШШЭ” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дахь Туул голын урсац дагуу голын ай сав доторх талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр хөрс хуулалт хийж, алт олборлож байсан нь шалгалтаар илэрсэн байна. Уг шалгалтыг нутгийн иргэдийн гомдлын дагуу Булган аймгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтран явуулжээ.

Аймгийн цагдаагийн газраас шалгалтын явцыг хянан үзээд, Мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлсэн учир Зөрчлийн хуулийн дагуу захиргааны аргаар 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж. Гэвч уг торгуулийн актад “Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж үзэн, гарын үсгээ зурсан “ЭШШЭ” ХХК-ийн захирал Э.Бямбасүх торгуулиа төлөлгүй, сураггүй алга болсон байна. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд хандаад байгаа аж.

Улмаар “ЭШШЭ” ХХК-ийн захирал Э.Бямбасүх  нутгийн иргэдэд “Би удахгүй энэ талбайг өөрийн болгож авна.Миний ард манай ах Т.Аюурсайхан гишүүн байгаа. Төв аймгийн Н.Энхболд гишүүн ч бидэнд тусална” гэхчлэн ярьдаг байсан гэх. “ЭШШЭ” ХХК нь нөхөн сэргээлт хийхээр 2016 онд орон нутгийн удирдлагатай гэрээлсэн хэдий ч зөвшөөрөлгүйгээр голын ай сав газарт хөрс хуулан, алт олборлож байсан нь шалгалтаар илэрсэн байна.

“ЭШШЭ” ХХК-ийн захирал Э.Бямбасүхтэй холбогдохоор торгуулийн актан дээр тэмдэглэгдсэн 9111.... дугаарт залгасан боловч “Тийм хүн байхгүй” гэж тасалсан юм. Эх сурвалжууд “Э.Бямбасүх нь Төв  аймгийн харьяат, морь уядаг, хэд хэдэн уул уурхайн асуудалд холбогдон шалгагдаж байгаа хүн” гэсэн мэдээлэл өгөв. Уг компани нь Төв аймагт бүртгэлтэй хуулийн этгээд юм байна.

БАЙР СУУРЬ: Ж.БАТ-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨРӨВ

 -Ж.БАТ-ЭРДЭНЭ: Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН НАДТАЙ УУЛЗАЖ, МАНАЙ ДҮҮ

НАРЫГ АНХААРЧ ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙСАН-

-Та Т.Аюурсайхан гишүүнд хандан “Тэр алтны уурхайн асуудлаа цэгцлээрэй” гэж хэлсэн нь яг ямар учиртай юм. Таньтай энэ асуудлаар Т.Аюурсайхан гишүүн уулзаж, хувийн шугамаар гуйж байсан гэдэг нь үнэн үү?

-Манай аймгийн Бүрэгхангай суманд Төв аймгийн уяач залуу алт олборлолт чиглэлд  үйл ажиллагаа явуулж байгаа юм. Та сумын засаг даргатай энэ асуудлаар уулзаж, дэмжлэг үзүүлж өгөөч. Нэг төрлийн зөвшөөрөл нь бүтэхгүй байгаа юм байна. Үүн дээр нь туслаад өгөөч. Манай нэг дүү байгаа юм гэж Т.Аюурсайхан гишүүн надтай уулзаж гуйсан юм.

-Та тэгээд тусалсан юм уу?

-Тухайн үедээ би тодорхой юм хэлээгүй. Цааш нь сураглуултал Т.Аюурсайхан гишүүний нэрийг барьсан Э.Бямбасүх захиралтай “ЭШШЭ” ХХК яг голын ай сав руу  нэвтэрч, газар ухаж байгааг мэдсэн. Нутгийн иргэд болон гар аргаар алт олборлогчдод “Та нар яаж ч чадахгүй шүү” гэсэн  аяг гаргадаг талаар надад мэдээлэл ирсэн юм. Тэгэхээр нь би “Наад асуудал дээрээ арга хэмжээ ав. Ийм юм байж болохгүй” гэж хэлсэн. Аймгийн мэргэжлийн хяналт, Цагдаагийн газраас баг ажиллаж, “ЭШШЭ” ХХК-д 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм билээ. Тус компани торгуулиа огт төлөөгүй яваад өгсөн гэдэг мэдээлэл л надад ирсэн.

-Танаас Т.Аюурсайхан гишүүн яг өөрөө гуйсан юм уу?

-Тийм ээ. Яг өөрөө гуйсан.

Т.АЮУРСАЙХАН: БИ  Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ УУЛЗАХДАА “МАНАЙ ДҮҮ НАР
БАЙГАА ЮМ” ГЭЖ ЯРИАГҮЙ

-Та “ЭШШЭ” ХХК-ийн захирал Э.Бямбасүхтэй яг  ямар хамааралтай юм бэ?

-Би ийм нэртэй ямар ч компани мэдэхгүй. Э.Бямбасүх гэдэг хүнийг ч танихгүй. Танаас л анх удаа ийм нэр сонсож байна.

-Та Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй уулзаж, тус компанийн асуудалд анхаарч өгөхийг хүссэн юм биш үү?

-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хүний амь эрсэдсэн үйл явдал нь сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс эхэлсэн архидалттай холбоотой гэж  тухайн үеийн дэд сайд нь жиргэсэн байсан. Би чуулган дээр тэр үгийг нягталж үзэх ёстой гэж хэлсэн юм. Намайг тэр үгийг хэлэнгүүт, Ж.Бат-Эрдэнэ гишүүн ихэд сандарч, нэлээд орилж хашхирсан. Үүнээс л үүдэлтэй болов уу гэж харж байгаа. Дараа нь “Т.Аюурсайханы дүү нар хууль бусаар алт ухдаг” гэж мэдээлэл хийсэн. Тэр мэдээллийн мөрөөр би Цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Надад алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг ах дүү, хамаатан садан байхгүй.

Надад тойргийн бус маш олон иргэдээс мэдээлэл ирүүлж, туслаад өгөөч гэж ханддаг. Би тэр болгонд нь аль болох хариу өгч, холбогдох хүмүүсээс нь лавлаж өгөхийг хичээдэг. Одоогоос бараг хоёр жилийн өмнө аймаг орон нутгийн удирдлагын хүмүүс нь хууль бусаар хүмүүсийг дарамтлаад байна гэсэн мэдээлэл ирж, би Булган аймгаас Ж.Бат-Эрдэнэ гишүүнээс лавлаж асуусан. Түүнийг л хэлээд байх шиг байна лээ. Би  Ж.Бат-Эрдэнэтэй уулзахдаа “Манай дүү нар байгаа юм” гэж яриагүйгээ санаж байна.

-Тэгвэл тухайн үед Ж.Бат-Эрдэнэ гишүүн танд ямар мэдээлэл өгсөн юм?

-Тухайн үед Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Асуудлыг нь судалж үзлээ. Яг дарамтлаад байгаа юм алга. Харин таны нэрийг барьсан хэсэг нөхдүүд бужигнуулаад байна” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би “тэр нэр ус бариад байгаа хүмүүстэй хатуу ярьж, таслан зогсоогоорой” гэж хэлээд л өнгөрсөн. Түүнээс хойш энэ яриа дахиж болоогүй. Тийм байхад сая цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг янз бүрийн зүйлтэй хутгахаар ярьсан гэж харж байгаа.


СУМЫН ЗАСАГ ДАРГА: 2017 ОНД ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ БАЙЖ,
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН

Уг асуудлаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяраас дараах тодруулгыг авлаа.

-“ЭШШЭ” ХХК танай суманд нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл авч орж ирсэн ч  хөрс хуульж, алт олборлож байсан гэдэг нь үнэн үү?

-“ЭШШЭ” ХХК нь 2016 онд сумын Дэрст багийн нутаг дахь Туул голын урсац дагуух Төсөлтийн урд тал гэдэг голын ай савд нөхөн сэргээлт хийхээр тухайн үеийн орон нутгийн удирдлагатай гэрээлсэн юм билээ. Нөхөн сэргээлтийн гэрээ нь 2016 оноор дуусгавар болсон хэдий ч 2017 онд уг талбайдаа дахин ажиллах хүсэлтээ байсан. Нутгийн иргэд 2017 онд “Сумаас шалгалт ирэхээр үйл ажиллагаагаа зогсоочихоод, бусад үед нь ажиллаад байна” гэсэн мэдээлэл ирдэг байсан юм.Аймгаас шалгалт ирж,алт олборлож байхад нь торгууль тавьснаар ингэснээр үйл ажиллагаа нь зогссон байгаа.

-Нутгийн иргэдэд “Бид Т.Аюурсайхан гишүүний дүү” гэж хэлдэг байсан гэдэг нь хэр бодитой вэ?

-Гар аргаар алт олборлогчид болон нутгийн иргэдэд “Миний ард Т.Аюурсайхан, Н.Энхболд нарын гишүүд байдаг. Би удахгүй зөвшөөрлөө авчихна. Та нарт ямар ч боломж байхгүй” гэж хэлсэн юм билээ. Тэдгээр хүмүүс нь сум орон нутгийнхаа удирдлагад хэлж, холбогдох шалгалтыг явуулсан юм.

-2017 онд гэрээ нь сунгагдаагүй байхад хууль бусаар алт олборлосон гэсэн үг үү?

-Нөхөн сэргээлтийн гэрээг сумын Засаг даргатай байгуулдаг. Намайг ажил авахаас гэрээ нь байгуулагдаж, дахин сунгах хүсэлтэй байсан байх. 2016 онд нийгмийн хариуцлагын чиглэлд тодорхой ажлууд хийж байсан юм билээ. Орон нутагт ямар нэгэн төлбөр зохих мөнгө байхгүй. Гол нь 2017 онд гэрээ байгуулаагүй байж, хууль бусаар алт олборлосон гэсэн асуудал л байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

MEDEE.MN