УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана

УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана

1 жилийн өмнө

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан 38 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг өчигдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар хүлээлгэн өгсөн.

УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан албан бичигт:

УИХ-ын дарга М.Энхболд та УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзэж байгаа тул Улсын их хурлын тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Уг хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд бид УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ үүгээр уламжилж байна. Үүнээс үүсч болох аливаа эрсдэл сөрөг үр дагаварыг та хариуцах болно гэдгийг мэдэгдье" гэсэн.

Тэд УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдэж бойкот зарлаад байгаа. Үүнээс болж УИХ-ын үйл ажиллагаа гурван долоо хоногийн хугацаанд алдагдаад байгаа юм.

gishuud

Өчигдрийн мэдээллийн үеэр дээрх гишүүд "УИХ-ын дарга гэдэг хуралдааныг хөтлөн явуулах чиг үүргээсээ хальж өөрийн гэсэн бие даасан институцийг бий болгосон. Гадны улсад парламентийн гишүүдийн олонх нь УИХ-ын даргаа чирж гаргадаг. Цаашлаад УИХ-ын дарга нь төвийг сахисан байна гэж насан туршийн тангараг өргөдөг.

Манангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй  бол нийт монголчуудтайгаа, Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно. Хэрвээ маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана" гэж мэдэгдсэн билээ.

Энэ дагуу эдгээр гишүүд өнөөдөр УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргах уу эсвэл гудамжинд гарч жагсах уу гэдэг нь олны анхаарлыг татаад байна.

Т.ХУЛАН

MEDEE.MN