​УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг дахин шаардлаа

​УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг дахин шаардлаа

6 сарын өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдах товтой байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар дахин хойшиллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцохгүй гурван долоо хоног болж байгаа билээ.

Дөнгөж сая УИХ-ын чуулганд оролцохгүй байгаа гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв.

Тэд УИХ-ын гишүүдийн олонхи буюу 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нь зүйтэй гэж гарын үсэг зурсан, тиймээс УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгтөл гарын үсэг зурсан гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ дахин мэдэгдлээ.

Мөн  УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх тухай албан тоотыг УИХ-д хүргүүлж байгааг мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хэрвээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй бол гарын үсэг зурсан гишүүд чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй. Хуралдаанд суугаагүйгээс гарч болох эрсдэлийг бид биш, УИХ-ын дарга өөрөө хүлээнэ гэдгийг анхууруулж хэлье. УИХ-ын даргыг огцруулахыг УИХ-ын 40 гаруй гишүүн хүчтэй дэмжиж байна. Энэ нь нийт сонгогчдын олонхийг төлөөлж байгаа гишүүд  гэдгийг бас хэлье.  Энэ хүн одоо өөрийн хүсэлтээрээ албан тушаалаасаа буух ёстой” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын дарга М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд шилжиж, жагсаал цуглааны хэлбэр руу шилжинэ. Хэрвээ өөрөө огцрохгүй бол УИХ-ын дарга, МАНАН-ын даргыг ард түмэнтэйгээ нийлж өрөөнөөс нь чирж гаргана”  гэлээ.

Тайлбар

Тайлбар

ITOIM.MN