“Рио Тинто”: Тавантолгойн цахилгаан станцын талаар Монголын Засгийн газартай ойлголцох асуудал их бий

“Рио Тинто”: Тавантолгойн цахилгаан станцын талаар Монголын Засгийн газартай ойлголцох асуудал их бий

12 сарын өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийг тэргүүлэгч ноён Арнуад Суарат, “Туркойз Хилл Ресурс” компанийн  гүйцэтгэх захирал Улф Куэлман  нартай уулзжээ. Эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр хангах, өмнийн говьд том чадлын цахилгаан станц барих асуудлаар тэд ярилцсан байна.

“Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийг тэргүүлэгч ноён Арнуад Суарат “Тавантолгойн цахилгаан станц барих талаар Монголын Засгийн газартай нэн түрүүнд ойлголцох асуудал их бий. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурж, ажлыг эхлүүлэх боломжтой” гэлээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих асуудал 2003 оноос эхлэн яригдаж, сүүлийн жилүүдэд төслийн явц эрчимжиж буйг хэллээ. Мөн тэрбээр  “Оюутолгойн ордын эрчим хүчийг дотоод эх үүсвэрээс хангах нь хамгийн оновчтой хувилбар бөгөөд жилд худалдан авах цахилгаан эрчим хүчний хэмжээ, үнэ тарифыг тодорхой болгож, баталгаа гаргаж өгвөл талуудын хэлэлцээр амжилттай болно. Төсөл хэрэгжиж цахилгаан станц баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд чухал ач холбогдолтой төдийгүй улсын эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд манай улсад 25 жилд байгаагүй томоохон бүтээн байгуулалт болно” гэдгийг онцолсон юм.

Тодотгоход, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-т Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, Оюутолгой төсөл, өмнийн говийн аж үйлдвэрийн болон уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчээр хангах зорилт тусгагдсан байдаг.

www.zindaa.mn