Дөрвөн сая долларын АВЛИГЫН ХЭРГИЙГ нуусан С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар эрүүгийн хариуцлага хүлээх үү!

Дөрвөн сая долларын АВЛИГЫН ХЭРГИЙГ нуусан С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар эрүүгийн хариуцлага хүлээх үү!

12 сарын өмнө

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тухайн үед Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин өөрийн твиттер хаягаараа дамжуулан дөрвөн сая ам.доллар “Голомт” банкаар дамжуулан нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэх баримтыг олон нийтэд дэлгэсэн байдаг.

Тухайн үед дээрх мөнгөний гүйлгээ “NRI LLC” компанийн данс руу хийгдсэн байдаг ба энэ мөнгийг хэн гэдэг албан тушаалтанд өгсөн талаар олон нийтийн дунд таавар таамаглал явж байв. Тун удалгүй энэхүү гүйлгээний талаар “Голомт” банк болон “Алтандорнод Монгол” компанийн зүгээс хэвлэлийн хурал зарлаж, дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай огт хамаагүй, “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ хэмээсэн байдаг.

 

Үйл явдал ингэж өрнөх зуурт, тухайн үед Улсын ерөнхий прокурорын албан тушаал хашиж байсан Х.Дорлигжав гарч ирэн, Авлигатай тэмцэх газарт нэр төрөө сэргээлгэх, өөрийгөө шалгуулах тухай өргөдөл өгч байсан. Харин Хуулзүйн сайд Х.Тэмүүжин тухайн үед өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгний нэрийг огт дурдаагүй. Тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг дурдаагүй. Өөрөө л сандраад мэдэгдэл хийчих шиг боллоо” хэмээсэн байдаг.

 

Ийнхүү их хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэргийг тухайн үед Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан ч хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон гэх сураг гараад  хэргийн тухай мэдээлэл намжсан байдаг.

Харин дөрвөн сая ам.долларыг шилжүүлсэн хэргийг хамгийн сайн мэддэг гэгдэж байсан “Алтан дорнод Монгол” компанийн захирал өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан бол тэрбээр 25-р суваг телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ энэ хэргийг үнэн гэдгийг албан ёсоор хэлсэн юм.

 

Тэрбээр “Тухайн үед их хэмжээний мөнгө ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдын суудлаас буух үедээ гаргасан баримт. Ил гарсан нь дөрвөн сая ам.доллар гэхдээ үүний цаана өөр баримт бий. Тухайн үед сөрөг хүчин байсан С.Бямбацогт над дээр ирээд үнэн юм уу, баримтуудаа надад өгчих гээд аваад явсан. Тэгээд л алга болсон. Мөн л тухайн үед МАН-ын генсек ирээд үүнтэй тэмцэнэ, жагсана гээд л мөн алга болсон” хэмээсэн юм.

 

Түүний энэхүү ярианаас үзэхэд одоогийн УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар тухайн үед дээрх авлигын хэргийн талаар мэдэж байсан нь батлагдаж байна. Гэвч хуулийн хүрээнд тэд гэмт хэрэг нуун далдалсан байж болзошгүй байгаа юм.

Тэгвэл гэмт хэргийг нуун дарагдуулсан хүн хуулийн ямар зүйлт заалтыг зөрчиж байна вэ гэдгийг сонирхож үзвэл, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлд гэмт хэргийг нуун далдлагчийг “Гэмт хэрэгт хамаарагсад” гэсэн бүлэгт хамаатуулж үздэг байна. Энэ зүйлд зааснаар бол 39 дүгээр зүйлийн 1-д “Нуун далдлагч, үл мэдээлэг­чийг гэмт хэрэгт хамаараг­сад” хэмээжээ.

Мөн “Гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүй­гээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арил­гасан этгээдийг нуун далд­лагч” хэмээн тодорхойлсон байна. Харин 39 дүгээр зүй­лийн 3-т “Гэмт хэрэг үйл­дэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэнийг мэдсээр байж зохих бай­гууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ” гэж онцолсон байх юм. Хэрэв “энэ хуулийн тусгай ангид нэрлэж, заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Мөн энэ хуулийн тусгай ангид заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах гэх мэт 20 орчим гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлд­сэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээ­гүй бол бас хариуцлага хүлээлгэж эрүүгийн хуулиар шийтгэгдэх юм байна.

Б.ЦОГ

ZONE.MN