14-18 НАСНЫХНЫ ДУНД АРХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

14-18 НАСНЫХНЫ ДУНД АРХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

10 сарын өмнө
 “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр албаныхан хүүхэд хамгааллын өнөөдрийн байдалтай холбогдуулан дараах тоон мэдээллийг хийлээ.

-Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа.

-Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27,347 терабайтын дата ашиглаж байна. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй байгааг гаргасан байна.

-2018 онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Өсвөр насны хоригдлын гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл зэрэг болох нь тогтоогдсон байна.
-Хүүхэд, өсвөр насныхны дунд хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөлүүд тэргүүлэх болжээ. 0-19 насны хүүхдүүдийн нас баралтад гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилсон хэвээр байна.
-Эрүүл мэндийн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, аймгуудын ихэнх нь улсын дундажаас дээгүүр, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар нэмэгдэх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна.

- 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А, Д аминдэмийн дутагдал, шүдний цоорол харанга дэлдэж байгаа бол 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн байна. Энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоосон байна.

-Зам тээврийн осолд дийлэнхдээ 8-14 насныхан өртдөг бөгөөд 2016 онд 50, 2017 онд 56, 2018 оны эхний 10 сарын байдлаар 36 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

П.ГОО
Оллоо.мн