Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ

Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ

6 сарын өмнө

Өнгөрсөн долдугаар сард Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Төмөрчулуун нь Өвөрмонголын Жэннэн химийн компанитай гэрээ байгуулан 100 мянган тонн сайжруулсан нүүрсийг тонн тутмыг нь 330 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байна.

Уг мэдээлэлд дурдсанаар, Өвөрмонголын Жэннэн химийн компаниас худалдан авахаар сонирхсон нүүрсний мөхлөгийн хэмжээ нь 18 мм-ээс том, үнс 10 хувь, дэгдэмхий бодис 10 хувь, илчлэг 6000 ккал, хүхрийн хэмжээ 0.4 хувь бөгөөд бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ны өдрөөс аравдугаар сарын 31-ны хооронд нийлүүлэхээр хоёр тал харилцан тохирсон байна.

Үнийн хувьд ТОНН ТУТАМ НЬ 860 юань бөгөөд /татвар орсон үнэ. Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ хэлбэлзэнэ/ төлбөрийг бэлнээр төлнө гэсэн байна. Мөн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээнд тусгасан заалтууд өөрчлөгдөж мэдэх талаар дурджээ.

УГ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТ ЭНЭ ӨДРҮҮДЭД ИХЭЭХЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. “УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ, ААВ”—уудын группт уг мэдээллийг эсэргүүцсэн хүмүүс Тавантолгойн коксжсон нүүрсийг Улаанбаатарт авчирч сайжруулсан түлш болгож байгаа. Тэр сайжруулсан түлшээ нэг тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр зарж борлуулж эхэлсэн. Утааг далимдуулан мөнгө “идэж” буйн нэг жишээ нь Б.Төмөрчулуун даргын энэхүү үйлдэл байна. Бүр Хятадаас нүүрс авч Улаанбаатарын иргэдэд түлүүлэхдээ тулсан гэж үү. Хариуцсан албан тушаалтнууд нь уг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн санал, сэтгэгдлээ илэрхийлжээ.

Б.ТӨМӨРЧУЛУУН: ГЭРЭЭ БИШ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ

Дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг орд манай улсад байгаа нь Тавантолгой. Энэхүү ордын нүүрсийг бид дэлхийн зах зээлд гаргадаг. Энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоог гаргасан. Гэтэл нүүрсээ хятадуудад хямд үнээр зарчихаад үнэтэй буцааж худалдаж авах нь иргэдийн дургүйцлийг хүргэх нь мэдээж. Бид сайжруулсан түлшний үйлдвэртэй. Цаашид дотооддоо сайжруулсан түлшний үйлдвэрийнхээ тоог нэмэх шаардлагатай. Утааг бууруулах ажлын хүрээнд хийгдэх ажлуудын нэг нь зайлшгүй энэ.

Арвин их нүүрсний баялагтай байж гаднаас худалдан авахаар стратегийн хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан талаар бид гэрээнд гарын үсэг зурсан гэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Төмөрчулуунаас тодрууллаа.

-Өвөрмонголоос сайжруулсан түлшийг үнэтэй авах гэрээг байгуулж таныг гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Худал.

-Хятад хэл дээр үйлдэгдсэн гурван хуудас материал байна. Тэнд та гарын үсгээ зурсан байна?

-Аль наймдугаар сард санамж бичиг байгуулсан ч хэрэгжээгүй.

-Нэг тонн сайжруулсан түлшийг 330 мянган төгрөгөөр худалдан авахаар санамж бичигт тусгасан юм уу?

-Нэг тонн сайжруулсан түлшийг 310 юань буюу 136 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохирч байсан. Одоо утааны хор маш их байгаа юм чинь энэ жилдээ тэндээс утаагүй нүүрс авч түлье л гэсэн юм. Идэж, уух зүйлээ хүртэл тэндээс авч байгаа юм чинь. 330 мянган төгрөгөөр тонн нүүрс авна гэдэг худал. Юу гэж Хятадаас тийм үнэтэй нүүрс авах юм.

-Хамтран ажиллах санамж бичиг яагаад ажил хэрэг болоогүй юм бэ?

-Хөрөнгө мөнгө нь төсөвт тусгагдаагүй.

-Орчны бохирдлыг бууруулах хорооноос утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?

-Би ажил аваад дөрвөн сар болж байна. 3000 жижиг уурын зуухнаас гарах утааны химийн хор холбогдлыг туршаад утааны хорийг нь 99 хувь шүүдэг тоног төхөөрөмж оруулж ирсэн.

-Сайжруулсан түлшийг худалдаанд гаргах ажил хэрхэж байна?  

-Тавантолгой түлш ХХК-ийн асуудал. Эрчим хүчний яам түлшээ хариуцаж байгаа.

Ямартай ч Өвөрмонголоос сайжруулсан түлш авахаар хамтран ажиллах санамж бичгийг хоёр орны түвшинд хийсэн нь үнэн аж. Гэхдээ энэ нь хөрөнгө, мөнгө төсөвлөгдөөгүй гэх шалтгаанаар зогссон юм байна.

Т.ХУЛАНТАХЬ

MEDEE.MN