TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл

TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл

10 сарын өмнө

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Манай улсын агаарын бохирдлын талаар дэлхийн томоохон сайтуудын нэг TIME.COM-д “дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл” гэсэн утга бүхий гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

Мөн энд “Улаанбаатарын өвлийн агаар Бээжин болон Дели хотоос ч бохир байдаг бөгөөд хотын хэрэглээний нүүрс агаар бохирдуулах гол хүчин зүйл болдог” талаар дурдсан байна.

-ТЭР АМЬДРАЛЫН ЭРХЭНД НҮҮРС ЗАРНА, ГЭВЧ НҮҮРСНИЙ УТААНААС
БОЛЖ ХҮҮХДҮҮД НЬ ӨВДӨНӨ-

Time.com сайт Улаанбаатарын агаарын бохирдлыг нийслэлийн иргэн Алпысбай Толталханы амьдралын нэг өдрөөр дамжуулан харуулжээ. Эдний гэр бүл Улаанбаатар хотод амьдрал даган нүүдэллэж ирсэн мянга мянган өрх айлын нэг юм. Гэвч эдгээр гэр бүлүүд ихэвчлэн хотын захын гэр хорооллуудад амьдарч, нүүрс түлж өвлийг давна. Алпысбай Толталхан өөрөө Налайх дүүрэг дэх нүүрсний орд газраас нүүрс олборлон зарж, ам бүлээ тэжээнэ.

Тэрээр хөдөө мал маллаж амьдрахад цалин нь хүрэлцдэггүй тул ийнхүү Улаанбаатарыг барааджээ. Алпысбай амьдралын эрхэнд нүүрс зарна, гэвч нүүрсний утаанаас болж хүүхдүүд нь өвдөнө. Түүний хоёр хүүхэд хоёулаа амьсгалын замын өвчин туссан бөгөөд энэ өвчин нь Улаанбаатарт амьдарч байгаа 0-5 насны хүүхдүүдийн амь насаа алдаж байгаа тэргүүлэх шалтгаануудын нэг аж. Тэдний бага хүү 11 сартай Алмасбек төрсөн цагаасаа хойш 7-8 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Тэд хэдий ийм ч “Амьдрал юм чинь дасахаас өөр аргагүй” гэсээр нийтлэл дуусна.

utaa

Монгол улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж буй Монголын Аудитын байгууллагаас онцолжээ. Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байгаа аймшигт тоон мэдээ байна.

ЭХ СУРВАЛЖ: TIME.COM MEDEE.MN 

Б.ГЭРЭЛ