Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 сарын өмнө

Үндсэн хуулийн 43.1-т “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу Д.Хаянхярваа нарын 27 гишүүн нэгдэж, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг 2018.11.19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.1 “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг.

Ажлын өдрөөр тооцвол долоо, амралтын өдөр оруулан тоовол 9 дэх хоног дээр нь Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж /2018.11.27/, дэмжих санал нь олонхи болсон билээ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заасан.

Дэгийн тухай хуульд заасан 14 хоногийн хугацаа 2018.12.02-ний өдөр буюу энэ амралтын өдрөөр дуусгавар болж байгаа юм. Тиймээс өнөөдөртөө багтан, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй бол хуулийн зөрчил үүсэхээр байна.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn