Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна

Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна

6 сарын өмнө

-АЛБА ХААГЧДЫН СУУЖ ЯВСАН АВТОМАШИНЫ ДУГУЙ БУУДСАНЫ УЛМААС ОСОЛДЖЭЭ-

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолджээ. Төрийн албан хаагчдын шалгалтаар орон нутагт явж байсан дөрвөн ажилчин Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй км-т Солонготын давааны өвөрт 20:30 цагт сууж явсан суудлын машин гүүрний далангийн эрэг мөргөж осолдсон байна. Осол болох үед машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор эмэгтэй ухаан ороогүй байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

Тодруулбал, Шалгалтын ажлаар Завхан аймгаас Архангай аймгийн чиглэлд 00-79 УБЗ улсын дугаартай “Ланд круйзер-200 маркийн автомашинаар зорчиж авсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Д.Ганбатын ахалсан ажлын хэсэгт Сангийн яамнаас мэргэжилтэн Б.Цолмонтуяа, Сангийн яамнаас мэргэжилтэн Б.Жамсрансүрэн, Засгийн газрын авто баазын жолооч Д.Батмөнх нар хамт явж байжээ.

Ослын дуудлагыг тус аймгийн газар хүлээн авч нэг бүлэг, нэг автомашинтайгаар 230 км замыг туулж очсон байна. Осол болсон Цахир сумын нутаг дэвсгэрт онцгой байдлын долоон албан хаагч, нэг автомашин, цагдаагийн таван алба хаагч, нэг эмч, хоёр сувилагч, аймгийн нэгдсэн эмнэлгийн гурван гурван эмч, хоёр сувилагч очсон. Мөн Завхан аймгийн онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашин нийтдээ 26 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

-УЛААНБААТАРААС ХӨӨРСӨН НИСДЭГ ТЭРЭГ АРХАНГАЙ
АЙМАГТ ОЧСОН БАЙНА-

Улаанбаатараас 8:42 цагт ниссэн шуурхай бүлэг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй гурван цаг нисэж, Завхан аймгийн төв бууж, шатахуунаа цэнэглээд Архангай аймгийн Цахир суманд очсон хэмээн Зэвсэгт хүчний 303-р ангиас мэдээ ирүүлжээ.

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн хэлэхдээ: Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байсан. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан өгөх байх аа. Гурав нь нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл" гэсэн юм.

Энэ талаар тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: 2018оны Арван нэгдүгээр сарын 21-ний өдөр 20:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын дөрвөн хүн гэмтсэн хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна гэв.

Энэ талаар сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт шалгалт хийж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны салбар зөвлөлөөс бичиг явуулаад хүн хүч дайчилж авч явсан. Харин манай яамнаас хоёр мэргэжилтэн явсан юм. Биеийн байдал нь тааруухан эмнэлэгт байгаа гэсэн мэдээлэл надад ирсэн гэв.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn