Б.Энх-Амгалан: Засаг огцрох шаардлагагүй. Тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдээх гэж байна

Б.Энх-Амгалан: Засаг огцрох шаардлагагүй. Тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдээх гэж байна

11 сарын өмнө

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг өчигдөр /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг цувралаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Яг энэ цаг үед Монгол Улсын төр тогтвортой ажиллах ёстой. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандаж, Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого нь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм жишээ гадны маш олон улсад байдаг. Өнөөдөр монголчуудад хамгийн чухал байга зүйл бол төр засаг нь тогтвортой ажиллах явдал. Тийм учраас энэ Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй. Аливаа асуудалд бид ул суурьтай хандах ёстой. ЖДҮ-ийн асуудлыг шүүмжилж байна. Би ЖДҮ-ийн асуудлыг өмөөрөөгүй. ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг яригдаж байна. Гэтэл АСЕМ-ийн хэрэг 400 тэрбум, утааны асуудал 800 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой шүү! Цаашилбал, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой 2 тэрбум ам.долларын асуудал яригддаг!

 Нийгмийн анхаарлыг ЖДҮ гэдэг нэг цэг рүү хандуулж байгаад тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдэх гэж байна. Шударга ёсыг хэзээ ярих юм бэ? Энэ Засгийн газрын үед л бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг, нүүрсний хулгайн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, утааны асуудлыг, “Чингис”, “Самурай” бонд, Монголбанкинд мөнгө хэвлэсэн асуудлыг ярилаа. Энэ нь УИХ-ын гишүүдэд таалагдахгүй байх шиг байна. Таалагдахгүй байгаа учраас тараая гэж байна. Ийм байдал руу улс орныг түлхэн оруулж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна” гэсэн юм.

М.Бүүвэй

www.Zindaa.mn