ЗЭЭЛ АВСАН нь илчлэгдсэн Ц.Ням-Осор ажлаа өглөө, дараагийнх нь ХЭН бэ?!

ЗЭЭЛ АВСАН нь илчлэгдсэн Ц.Ням-Осор ажлаа өглөө, дараагийнх нь ХЭН бэ?!

11 сарын өмнө

УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, эхнээсээ АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэгвэл тэднээс гадна төрийн өндөр албан тушаал хашдаг нөхөд ч зээл авсан болох нь илчлэгдээд байна.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн юм. Улмаар тэднийг ажлаа өгөхийг шаардаж, тэд ч эхнээсээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч эхлээд байна. Тухайлбал, дөнгөж сая гэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө.

Тэгвэл "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж 3.3 тэрбум төгрөгийн зээл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан болох нь олон нийтэд ил болоод байна.

Ямартай ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Харин дараагийнх нь хэн бэ, тэд хариуцлагаа хүлээх үү?

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN