Нялх үрийн минь өсөлт, жин хэвийн байгаа болов уу?

Нялх үрийн минь өсөлт, жин хэвийн байгаа болов уу?

7 сарын өмнө
Хөхөөр хооллож буй хүүхдийн жин нэмэгдэх нь угжаар тэжээж буй хүүхдийн жин нэмэгдэхээс өөр байдаг.
Энэ нь заримдаа ээжийнх нь санааг зовоох нь бий.
Хүүхдийн бие махбодийн онцлог, бодисын солилцооны хурдаас шалтгаалан илчлэгийн хэрэглээ янз бүр байна.

Горзгордуу хүүхдийн бодисын солилцоо илүү, хэрэглэх илчлэг нь мяраалаг булцгар хүүхдийг бодвол ахиу. Горзгор хүүхдүүд мяраалахдаа тааруу, өсөх нь хурдан. Өндөрөөшөө дундаж үзүүлэлтээс дээхнүүр, жингээрээ дундаж үзүүлэлтээс доохнуур байх жишээтэй.

Мяраалагчууд хувьд байдал эсрэгээрээ, өндөрөөшөө өсөх хурд нь жин нэмэх хурдаас арай ч удаан мэт.

Хүүхдийн зан байдал мөн жин нэмэхэд нөлөөлнө.

Тайван, удаавтар хүүхэд илчлэг бага хэрэглэж, жин хурдан нэмдэг бол хөдөлгөөнтэй годгоносон хүүхэд илчлэг их хэрэглэх тул туранхай байдаг.

Хоолыг нь хориогүй хүүхэд өсөх нь илүү байдаг ба ээжийнхээ өвөрт унтаж, тааваараа хөхөж байдаг хүүхдүүд илүү хурдан өсдөг болох нь анзаарагдсан байна.

Харин өдрийн дэглэм хатуу баримтлан, шөнийн турш хооллолгүй унтуулдаг нялхасын өсөлт удааршрах нь ч бий.

Хүүхдийн хүртэж буй сүүний хэмжээ, чанар, тослог, илчлэг нь бага тэгсэн мөртлөө хөхөлт хоорондын зай хол байх нь хүүхдийг өлдүүлж, өсөлтийг удаашруулна.

Хөхөөр хооллож буй болон сүүн тэжээл хэрэглэж буй хүүхдийн жин нэмэлт ялгаатай. Хөхөөр хооллож буй хүүхэд туранхайвтар боловч илүү эрүүл.

1992 онд Калифорнийн Их сургуулийн судлаач Др.Катрин Дивэй эрүүл хэвийн өсч буй хөхөөр мөн тэжээлээр хооллож буй хүүхдүүдийн өсөлтийн үзүүлэлтэд харьцуулсан судалгаа хийж үзжээ.

Судалгаагаар эхний хэдэн сар нярайн жин нэмэлт болон өсөлтийн хурд бараг адил болох нь тогтоогдсон. 2 группын хүүхдийн хувьд 4-6 сартай үеийн өндөр болон толгойн тойрог ялгаагүй байсан ч сүүн тэжээлээр хооллож буй хүүхдүүдийн жин илүү байжээ.

12 сар хүртэл нь жинг нь харьцуулж үзэхэд хөхөөр хооллож буй хүүхдийн жин дундажаар 300-400 граммаар бага байв.

Сүүн тэжээлээр хооллож буй хүүхдийн илүүдэл жин нь биед усыг шаардлагагүй хуримтлуулах, бие махбодь дахь өөх тосны найрлага өөрчлөгдөхөд хүргэж болох юм.

Үүнээс судалаачид нярайн өсөлтийн үзүүлэлтүүд нь хөхөөр хооллож буй эрүүл саруул, хэвийн өсөлттэй хүүхдийн өсөлтийн олон талын үзүүлэлтийг тусгасан байх нь зөв гэсэн гаргалгаанд хүрчээ.

Хэдийгээр хөхөөр хооллож буй хэвийн өсөлттэй хүүхдийн үзүүлэлт нь өргөн хүрээг хамрах ч ой хүртэлх насны хүүхдийн хувьд дараахь үндсэн үзүүлэлтийг жишиг болгон авч болно.

• Эхний сард 7 хоногт 120-200 граммаар жин нь нэмэгдэнэ
• 6 сар хүртлээ сард 350-500 грамм нэмэгдэнэ
• 6 сартайгаас 1 ой хүртэл сард 250-350 грамм нэмэгдэнэ.
• Өндөр нь эхний 6 сард сар бүр 2,5 см-ээр нэмэгддэг бол 6 сартайгаас 1 ой хүртлээ сард 1-1,5 см-ээр нэмэгдэнэ.

Бас нэг сонирхолтой баримт гэвэл хөхөөр хооллож буй жаалууд хоол тэжээлээр авч буй илчлэгээ өөрийн хэрэглээнд тааруулах чадвартай болдог тул цаашид өсөх явцдаа таргалалтад өртөх нь бага байдаг аж.

khurmen.mn