Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу

Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу

11 сарын өмнө

-Д.ХАЯНХЯРВАА “СЭРГЭЛЭНТЭЖ”, С.БАТБОЛД “АЖЛАА ӨГЬЕ” ГЭЖ ДУУГАРАВ-

Даваа гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг хотын даргаас огцруулах асуудлыг хэлэлцсэнээр бүтэн долоо хоногийн турш эрх баригч намынхан дотооддоо “пижигнэв”. Энэ хооронд хамгийн азтай, бас хамгийн цөөхөн хоног сайдаар ажиллаж мэдэх эрсдэл дунд Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар томилогдох нь тодорхой болов.

Өөрөөр ялалт байгуулсан хүн МАН-д байсангүй гэж болно. Өөр хоорондоо бүтэн таван өдөр хэмлэлдсэний эцэст Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө. Оронд нь олон сонгогдсон “бурхи”-ууд огт үгэнд нь орохооргүй, намуун, дөлгөөн Д.Тогтохсүрэнг даргаар томилов. Энэ зуур Д.Хаянхярваа сэлэм эргүүлж, Засгийн газрыг огцруулах бичгийг өөрийн баланк дээр үйлдэн, 32-ын талын гишүүдээр гарын үсэг зуруулах акциа үргэлжүүлсэн юм.

Д.Хаянхярваа гишүүн МАН-ын Удирдах зөвлөлөөр өөрийг нь албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж буйг мэдэнгүүтээ “ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд, сайд нарт хариуцлага тооцох шаардлага” тавьсан юм. Энэ нь “ЖДҮХС-гаас зээл авсан улс төрчдийг эсэргүүцсэн учраас намайг огцруулж байна” гэж шоудах боломжийг түүнд олгов. Нэг бодлын их сэргэлэн, нөгөө талаар гэнэт сэрсэн гэмээр ухвар арга байлаа.

УИХ-ын даргыг намын Удирдах зөвлөлөөр ч, бүлгээр ч огцруулах боломжгүй. Хуулийн хүрээнд УИХ-ын түвшинд яригдах учраас МАН-ын дарга У.Хүрэлсүхийн М.Энхболдыг “явуулах” санал хуулийн мухардалд орсон юм. Хотын дарга С.Батболдын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Ажлаа өгье” гэж дуугарсан байдаг. Түүнийг огцруулах эсэх асуудлыг ирэх долоо хоногт НИТХ ээлжит бусаар хуралдан, хэлэлцэн шийдвэрлэх юм. МАН хүчтэй салхиа дагадаг нам тул С.Батболдын талаарх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  шийдвэр биеллээ олох магадлал өндөр билээ.

-ЗАСАГ УНАГАХ АСУУДЛЫН ЭРЧИМ БУУРЧ, 32-ЫН БҮЛГИЙН
ЗАЛУУ ГИШҮҮД БУЛТЖЭЭ-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын Удирдах зөвлөлөөс өөрийг нь огцруулах шийдвэр гаргасны дараа Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Мягмар гаригт энэ мэдэгдлээ хийж, тэр өдөртөө бүлгээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. УИХ МАН-ын бүлгийн хурлын дараа 32-ын бүлгийн гишүүд Д.Хаянхярваагийн өрөөнд цуглаж, гарын үсгээ зурцгаасан.

Ингэж хэзээ мөдгүй засгаа унагах уу, УИХ-д өргөн мэдүүлэх үү гэтэл асуудал анх эхэлсэн шигээ эрчимтэй урагшилсангүй. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 36, 26-д хүрсэн гэх “хөөсөрсөн” мэдээлэл явж байгаа хэдий ч тэр нь батлагдахгүй байна. Яг хөөгөөд үзэхээр, Засгийн газрыг унагах бичигт 20 хүрэхгүй гишүүн л гарын үсэг зурсан нь тодорхой байгаа юм.

Аль хүчтэйгээ дагадаг массын хуулиар 32-ын бүлгийн залуу гишүүд Засаг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Байдлыг харзнаж, гарын үсгээ зурахаас бултаж яваа хэд хэдэн гишүүн бий. Нөгөө талд АН-ынхан “Гарын үсэг зурахгүй. Та нар чаддаг юм бол тоогоо гүйцээгээд УИХ-д өргөн барь” гэсэн өнцгөөс эрх баригч намынхныг шоглоод амжив.

Өнөөх Засаг унагаахаар хүчтэй дайрч эхэлсэн Д.Хаянхярваа гишүүн хүртэл “Засгийн газраас ЖҮДХС-гаас зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооцох эсэхийг харж байгаад огцруулах бичгээ өргөн барих эсэхээ шийднэ” гэж долоо хоногийн сүүлээр дуугарсан. Энэ нь “Тохироонд хүрч чадах эсэхээ хүлээж байна” гэсэн битүү утгаар уншигдаж байгаа юм.

-ТЭД ЯМАР ТОХИРООНД ХҮРЭВ-

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс Д.Хаянхярваа гишүүний өгсөн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон сайд нарт хариуцлага тооцох бичгийн хариуг энэ сарын 20 буюу ирэх долоо хоног мягмар гаригт өгөх учиртай аж. Анхнаасаа ч тохироонд хүрч болох хугацааг ингэж тооцсон бололтой. Ирэх долоо хоногийн Мягмар гариг гэхэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцохгүй бол Засаг унагах бичгээ өргөн барина гэж ярилцаж байгаа аж.

Нөгөө талаас ойрын хугацаанд Прокуророос ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон хэд хэдэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах бичиг орж ирэх хүлээлттэй буй. Үүнийг бодлогын хувьд дэмжихийг намын даргын зүгээс бүлэгтээ санал оруулна гэсэн яриа байна. Прокуророос эргүүлэн татахаар яригдаж буй гишүүдэд Ж.Энхбаяр, Б.Ундармаа тэргүүтэй ББСБ-тай хүмүүс холбогдож байгаа юм. Тиймээс ч Ж.Энхбаяр гишүүн прокурорын бичиг ирэхээс өмнө “Би түдгэлзэхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн гэх хардлага үүсээд байна.

Улмаар Засгийн газрын тэргүүний зүгээс Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг сайдаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэхээр тохирсон гэх мэдээлэл бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдын талын тавьж буй гол шаардлагыг хүлээж авах чигтэй байгаа аж. Мөнхүү МАН-ын генсек Д.Амарбасягаланг чөлөөлөх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Гэвч нөгөө талд “Засгийн газрыг огцруулах бичигт газрын үсэг зурсан гишүүдийн тоо гүйцсэн. Хэзээ мөдгүй өргөн барина. Засгийн газар унах нь тодорхой” гэсэн мэдээлэл өгч байгаа УИХ-ын гишүүн ч байна.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn