Хүүхдэд өгөх витамины нэмэлт бэлдмэлүүд

Хүүхдэд өгөх витамины нэмэлт бэлдмэлүүд

6 сарын өмнө

Эхийн сүү нь витаминыг ялангуяа С, Е ба В витаминуудыг байгалиасаа тэнцвэрт байдлаар агуулсан байдаг учир хэрэв эх болон нялх хүүхэд хоёулаа эрүүл, хоол тэжээлийн дутагдалгүй бол хүүхдэд эдгээр витаминуудыг нэмж өгөх шаардлагагүй юм.
Хөхүүл хүүхдэд Д витаминыг нэмэлтээр өгөх шаардагатай байдаг. Энэ витамин нь хүний арьс нарны гэрэлд ил байх үед арьсан дээр үүсдэг. Гэхдээ Америкийн Хүүхдийн Эмч нарын Нийгэмлэгээс бүх насны хүүхдүүдийг наранд шууд аль болохоор өртүүлэхгүй байх, наранд гарсан тохиолдолд нарны шууд туяанаас болж хожим үүсэж болзошгүй арьсны хавдраас сэргийлэх үүднээс нарнаас биеийг халхалсан хувцас, малгай өмсгөж, нарны шил зүүлгэхийг тууштай зөвлөж байна. Ийнхүү хүүхдийн арьсыг нарнаас хамгаалснаар арьсан дээр нь Д витамин үүсэх боломжгүй болдог тул та хүүхдэддээ уг витаминыг ямар тунгаар хэрхэн яаж нэмж өгөхийг хүүхдийнхээ эмчээс асуугаарай. Америкийн Хүүхдийн Эмч нарын Нийгэмлэгийн одоогийн зөвлөж буйгаар бүх нялхас ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн өдөрт доод тал нь 400 IU (Олон Улсын Нэгж) Д витамин авах ёстой байдаг. Хөхний сүү орлуулах бүтээгдэхүүнд Д витамин агуулагдсан байдаг бөгөөд хэрэв хүүхэд тань хоногт доод тал нь 950 мл сүү орлуулах бүтээгдэхүүн авдаг бол түүнд нэмж уг витаминыг өгөхгүй . Мөн хүүхэд тань нэг нас хүрчихсэн, түүний зэрэгцээ Д витамин агуулсан сүү уудаг бол өөр ямар нэгэн витамин өгөх шаардлагагүй. Харин хүүхэд тань дутуу төрсөн эсвэл эрүүл мэндийн тодорхой нэгэн асуудалтай бол нэмэлт витаминууд уулгах хэрэгтэй байж болно. Ийм тохиолдолд хүүхдийнхээ эмчээс асуугаарай.
Зөв зохистой, тогтмол хоол тэжээл нь хөхүүл эх болон нялх хүүхдийн аль алины витаминуудын хэрэгцээг хангаж чаддаг. Гэсэн хэдий ч хөхүүл эхчүүдийг өдөр тутмын пренатал витаминаа үргэлжлүүлэн ууж байхыг хүүхдийн эмч нар зөвлөсөөр байна. Хэрэв та ногоон хоолтон бол В витаминуудыг нэмж уух хэрэгтэй, учир нь энэ бүлгийн зарим витамин нь зөвхөн амьтны, шувууны болон загасны маханд л агуулагдаж байдаг.

Төмрийн нэмэлт бэлдмэл

Ихэнх хүүхдүүд өөрсдийгөө төмөр дутагдлын цус багадалтаас хамгаалж чадахуйц төмрийн сайн нөөцтэй төрдөг. Хүүхэд хөхний сүүгээр шингэц сайтай, хангалттай хэмжээний төмөр авдаг учир түүнд төмөр нэмж өгөх хэрэггүй. Хүүхэд тань 6 сар хүрэхэд та хөхүүл хүүхдээ бор хоолонд оруулж эхлэх ёстой. Будааны бэлэн хоол, мах, ногоонд төмөр агуулагдсан байдаг бөгөөд эдгээрийг хүүхэд идсэнээр цаашдаа өсөлтөндөө шаардагдах төмрийг хангалттай авна. Хүүхдээ бор хоолонд оруулснаасаа хойш дор хаяж нэг нас хүртэл нь хөхүүлээрэй.
Хэрэв хүүхэд тань угжны бол та түүнийг төмөр агуулсан (4-12 мг төмөртэй) сүү орлуулах бүтээгдэхүүнээр төрсөн цагаас нь нэг нас хүртэл нь угжаарай. Дутуу төрсөн хүүхдүүдийн төмрийн нөөц хангалтгүй байдаг тул тэдэнд хөхний сүү болон сүү орлуулах бүтээгдэхүүний зэрэгцээ нэмэлт төмөр өгөх хэрэгтэй байдаг.